Шууд Chart

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-01-06 10:15:39

Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн  Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцсэн байна. Тухайлбал, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийг олгох, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийг тус тус олгох саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээж авах, дээрх хэмжээний нөхөх олговрыг олгох болсонтой холбогдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журам үйлчлэхээр өөрчлөх зэрэг саналыг хэлэлцэн шийдвэрлээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгаа аж.  

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Болорчулуун нар асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулаад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй