Шууд Chart

Альпийн уулсыг наран зөв тойрсон тэмдэглэл

2013-12-11 10:53:15

  1.  Цэнхэр Дунайн эрэг хөвөөнөө байрлах таван одтой FLAMENCO зочид буудлын их танхим гэрэл гэгээгээр сүлэрч, өөрийн улсын далбаа бүхий зоогийн ширээнд үндэснийхээ хувцсаар гангарсан орон орны яруу найрагчид хэд гурваараа ирж тухлан сууцгаах ажуу. Унгарын нийслэл Будапештэд 5 хоног хуралдсан Дэлхийн яруу найрагчдын 29-р их хурлын хаалтын ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болчухуй. Тус хурал “ Ирээдүй дэлхий дээр л өрнөнө...” гэсэн өвөрмөц уриан доор болж, яруу найргийн үнэ цэнэ,түүнийг бүтээгч тарни болсон үгийн шид хутаг, тэрчлэн улс орны хөгжил дэвшилд яруу найргийн гүйцэтгэх үүрэг зэрэг олон сэдвээр ярилцсан бөгөөд англи, испани, хятад хэл дээр яруу найргийн хэлэлцүүлгүүд явуулсан юм. Монголчууд энэ хуралд харьцангуй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд оролцогчид 1- 2 номтой очиж шүлэг зохиолоосоо уншиж, номын танилцуулгаа хийв.Яруу найрагч Ц. Бавуудорж испани , бусад нь англи хэлт яруу найрагчдын хэлэлцүүлэгт оров. Авьяаслаг зохиолч Б.Золбаярын   “AN ENTIRETY “эсээ өгүүллэгийн ном хуралд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байв. Монголын соёл, яруу найргийн академийн төв хэвлэл “GUNU” сэтгүүлийг ч сурагсад цөөнгүй. Энэ ч бас аргагүй юм, тус сэтгүүл дэлхийн яруу найрагчдын хувьд танил болоод олон он уджээ. Үүнд сэтгүүлийн эрхлэгч, орчуулагч О.Мөнхнарангийн хувь нэмэр их бий. Тэрбээр хаа ч явсан бид хэдийнхээ зохион байгуулагч нь, орчуулагч нь байдаг билээ.

              Миний хувьд эндээс зориуд бэлтгэж очсон “Миний ертөнц”- сонет цэцгэн эрхи номоо танилцуулсан бөгөөд англи хэлт яруу найрагчдын хэлэлцүүлэгт   төрөлх хэлээрээ уншиж, английн нэрт яруу найрагч Рут О Каллаган орчуулагч Саймон Викхам Смитийн хөрвүүлснээр дуудан сонсгов.   MY WORLD \a garland of sonnets\ номоо би нэрийнхээ хуудастай хамт хэлэлцүүлэгт оролцогсдод тараасан амой. Өөрөө ч мөн нилээд олон тооны англи шүлгийн номтой болчухуй. Ном авагсадыг анзаарвал мөр бадаг, үг үсгийн ч тоолж байх шиг, сонгодог монгол бичигтэй хуудсыг нь дэлгээд зураг авч ч үзэгдэх шиг, кирилл бичигээр хэвлэгдсэн бадагийг англи хэлээр хэвлэгдсэн бадагтай нь тулгаж ч байгаа бололтойдогоо. Дотор минь имээ чимээгүй бодол найдангуй гэрэлтэх нь:   “хөөрхий муу номыг минь сонирхож л байнам уу даа, уншаасай билээ.”
         ...Биднийг хаана л очно элчин сайдын яамныхан маань тун сайхан хүлээж авч, дэмжиж туслаж байсанд гүн зүрхнээсээ мэхийн талархая. Яруу найргийн уулзалтууд ямагт халуун дотно болж байв. Австрийн Клаганбурт хотоос Герман, Франц дайрч Бельги хүрсэн 2000 гаруй км-ийн машинтай аялалыг мартана гэж үү. Европын хурдны зам дээр Шувуун саарлын дүү европ сааралаа | уг нь волксвагенн л даа, бид л тэгж нэрлэсэн юм, сайн ч хүлэг дээ | ээлжлэн унаад исгэрүүлэн давхиж явлаа л. Биднийг угтан тосогчид таван танхай монгол гэдэгсэн. Ерөөс нүүдэлчин   биднээс өөр ямар л үндэстэн танихгүй унаатай, мэдэхгүй замаар дуулалдан гарч чадах билээ.Дарь.Сүхбаатарын зоримог санал л биднийг энэхүү гайхалтай аялалд далалчухуй. Түүнийг би аян замын цөөн хоногт бүр ч илүү их танив.Үнэхээр эр цээлсэн улс төрч болжээ. Герман хэлээр  ус цас юм. Австри, Белги улсад байхдаа тэдний барилга, хот байгуулалтын салбарын сайд, дарга нартай нь уулзаад ажил хэргийн холбоо сүлбээ тогтоож амжина лээ. Мартагдашгүй аян замын тухай зохиолч дүү Б.Золбаяр тэртэй тэргүй эгшиглэн хүүрнэх буй. Тийм болохоор ёслолын ажиллагааны танхимдаа эргэн ирсүгэй.    
          Танхимд их хурлын зохион байгуулах хорооны гишүүд нэгэнтээ ирсэн тул хаалтын ёслолын ажиллагаа эхлэв. Уламжлал ёсоор хэд хэдэн яруу найрагч нарт их хурлын хүндэт шагналыг гардуулж, мөн цөөн тооны эрхмүүдэд утга зохиолын доктор цол олгов.
 
 
             Дэлхийн урлаг соёлын академийн хамгийн дээд шагнал-яруу найргийн алтан титэм хэнд очихыг зарлах мөч хором, хоромоор ойртлоо. Танхимд чимээ, аниргүй. Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлэгч Мариус Юүнг бослоо. Тэрбээр дуу цацруулагчийг барьж түр зуурхан амсхийснээ чанга тодорхойгоор Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо хэмээн зарлав. Танхим алга ташилтын чимээнд хэсэг зуур автлаа. Энэхүү түрхрээнийг Дорнод монголын хээр талд “Алтан дарь Овоо” хайрхан чагнаархан өндөлзсөн нь лавтай. З-5 жилд яруу найргийн шинжлэх ухаанд онцгой   гавьяа байгуулсан ганцхан яруу найрагчид олгодог тус шагнал Монголын яруу найраг дэлхийн хэмжээнд ямар эрэмбэтэй явааг тайлбар тодотголгүйгээр хэлж өгөв. Дөлгөөн эрхэмсэг Мэнд-Ооёо яруу найргийн алтан титэмийг тэргүүн дээрээ залав. Зөвхөн Мэнд-Ооёо ч бус Монгол найрагч бүрийн тэргүүн дээр энэ титэм заларч байнам хэмээн бэлэгшээж суув. Мэнд-Ооёогоор дамжуулан Монголын яруу найргийг дэлхий хүлээн зөвшөөрнөм бусуу. 13-р зуунд Чингис хааны тэргүүнд өмсгөсөн алдрын алтан титэм, 21-р зууны эхэнд ийнхүү монгол яруу найрагчийн тэргүүнд залравай. Яруу найргийн алтан титэмт яруу найрагч- Гомбожавын Мэнд-Ооёо. Ийнхүү Монголын яруу найрагч Мэнд-Ооёо Дэлхийн яруу найрагч Мэнд-Ооёо болвай. Тийнхүү баяр хүргэсэн,зураг хөрөг дарсан, телевизийн дуран дагасан , бахдан биширч сүжирсэн олны дотроос тэрбээр инээмсэглэсээр гарч ирэв. Бид яруу найргийн мөнгөн хундагыг алтан титэмт яруу найрагчдаа зориулан дээр өргөн тогтоов.
            Дэлхийн яруу найрагчдын 29-р их хурлын зохион байгуулах хорооны гишүүн , Унгарын зохиолчдын Пен клубын ерөнхий нарийн бичгийн дарга Янус Бэнухэ хаалтын үг хэллээ. Түүний гарт аль эрт ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө л   ном минь бариастай байв. Уржигдар хэлэлцүүлэг удирдаж байхад нь өгсөн юмсан, энд бариад явж   байдаг гэсэн шүү юм бодогдсонсон. Түүний үгийг орчуулагчийн аманд чихээ хийх нь холгүй чагнаж суув. Хэлэлцүүлгүүдийг л дүгнэн ярих аж. Тэгснээ номыг минь гартаа өргөж хэлсэн нь: Монголын яруу найрагч Данзангийн Нямаагийн “Миний ертөнц” сонет цэцгийн эрхи ном миний гарт байна. Өөрийн хийц хэлбэр, хатуу чанга бадаглал зүй, ая дан, өвөрмөц төгс зохиомжоороо яруу найрагчаас авьяас, уран чадварын дээд түвшин шаарддаг энэхүү төрлөөр монголын яруу найрагч Данзангийн Нямаа хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд бичжээ хэмээв шүү. Энэ нь надад гэхээсээ илүү шүлгийн минь орчуулагч Саймон Викхам Смитэд хамаатай үг юм. Басхүү номыг минь ариутган шүүсэн орчуулагч Ж.Чойнхорт ч хамаарах учиртай билээ. Утга зохиол судлаач, шүүмжлэгч Янус Бэнухэ бээр англиар уншсанаа ярьж байгаа хэрэг л дээ. Ширээний нөхөд минь босооч гэж нэгэнтээ шавдуулсан ч тэрхэн зуур орчуулагчийн үгийг сонсох минь л гол байсан учраас   хүндэтгэлээ илэрхийлж чадаагүй билээ. Одоо бодохноо тэр нь ч зөв байсандаг уу . Ном минь бусдын гарт байж, уншигчийн халуун алганы лугшилтыг мэдрэн ,зүрхэнд нь үүрээ засч яваасай гэх хүсэл   л зохиолч хүний хамгийн том залбирал байдаг аа. Бодол сэтгэлд минь бойжоод гараас минь бүтээл болоод гарсан л бол өөр,өөрийнхээ хувь тавиланг дагадаг билээ, та нар минь, номууд минь. Тиймийн учир “Миний ертөнц” нэрийг олсон хувьхан ном минь чамдаа сайн сайхныг ерөөх л үлдлээ. Орчлонг туулах зам чинь уртын урт байг ээ.
                     
          2.
          Унгарт бидний тосч авсан Шаарошди Даваахүү Ганболд бол тус улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуулийг мажаар хэл-уран зохиол, дорно дахины судлал мэргэжилээр төгссөн , уран зохиолын түүхч,дуун хөрвүүлэгч хүн юм. Түүнийг монголын уншигчид Унгарын нэрт зохиолч Өркээнь Иштвааны “Тотынхан” жүжгээр нь мэддэг байв. Уг жүжгийг түүний орчуугаар 2006 онд УДЭТ-т АЖ Б.Мөнхдорж найруулан тавьсан билээ. Тэрчлэн, тун саяхан монгол уншигчдын гар дээр нэгэнт ирээд байгаа “Энэ ингэж явсаар...” Мажар уран зохиолын цомирлогоор нь илүү дотно, гүн гүнзгий таньдаг болов. Энэ цомирлогт тэрвээр Унгар улсын үе үеийн шилдэг 83 зохиолчийн 164 бүтээлийг сонгон орчуулжээ. Түүний эрхэм гэгээн зорилгыг мажаар уран зохиолыг эх орондоо “импортлох” гэж тодорхойлж болмоор ажуу.
         Түүний зуучилж урьсаны дагуу Унгарын Зохиолчдын Холбоогоор орлоо. Биднийг тус холбооны дарга, уран зохиолын судлаач, шүүмжлэгч Ваши Геезаа хүлээн авч уулзаж сонирхолтой мэдээлэл өглөө. 1945 онд байгуулагдсан тус холбоо 1990 он хүртэл зохиолчдынхоо дунд ганцаар үйл ажиллагаа явуулж байгаад 1990 оноос хойш задарч хэд хэдэн холбоо, пен клубуудэд хуваагджээ. Гэхдээ нэг зохиолч хэдэн ч байгууллагын гишүүн байж болдог гэнэ. Тэнд оров, эндээс гарав хэмээн хөөж туудаг хийгээд манайхан, танайхан хэмээлцэн ойр зуураа хазаж хайралцдаг явдал үгүй юмдаг уу даа. Энэ зуур Бельгийн зохиолчдын музейд зочилсон тухай бяцхан оруулга хийе.   
         Бельгийн Антверпен хотноо байх энэхүү музей 1933 онд байгуулагджээ. 19-р зуунаас 21-р зуун хүртэлхи 200 жилийн үндэснийхээ уран зохиолын үүх түүхийг сонирхолтой, танин мэдэхүйн он дараалалтай, урсгал чиглэл, бичдэг төрлийнх нь ай саваар ангилан байрлуулсан нь тун ч ончтой. Гэрэл зураг, ноорог навтрага, эдэлж хэрэглэж байсан элдэв зүйлс, ер юу эсийг тавьсан гэх вэ? Зохиолчдынхоо олноо танил болсон шүлгийн шад мөр, онч мэргэн үгсийг тухайн цаг үеийнх нь бичиг үсгээр сийлсэн нь их л өвөрмөц харагдана лээ. Өвөрмөц гэснээс бас нэгэн өвөрмөц өргөөнд зочилсон минь санагдмуй. Тэр өргөөг Мажаар уран зохиолын орчуулгын өргөө гэх бүлгээ. Унгарын Балатон-Фюред мужид оршдог энэ өргөө уг нь тус улсын нэрт зохиолч Липтак Габорын амьдран суудаг гэр орон байчухуй. Зохиолч 1985 онд тэнгэрийн орноо морилж, уг байшингаа Мажаар уран зохиолыг дэлхий дахинд таниулахад ашиглах болтугай хэмээн гэрээслэн үлдээжээ. Тийнхүү 11 жилийн өмнөөс улсаас мөнгө төсөв гарган засварлан тохижуулж Мажаар уран зохиолын орчуулгын өргөө болгожээ. Энэ төв саяхандаа л гэхэд Болгар, Япон зэрэг орноос орчуулагчид урьж ажиллуулжээ. Бид ч мөн энэ өргөөнд Индонезоос ирсэн орчуулагч   ид   ажиллаж байхтай нь таарав. Манай Ш.Д.Ганболд энэ өргөөнд хэдэнтээ заларч Мажаар хэлнээс олон сайхан бүтээл орчуулсаныг бид нэгэнт мэдэх билээ. З-6 сарын хугацаатай ирсэн орчуулагчдын бүх зардлыг улс даадаг байна. Иймэрхүү орчуулгын төв манай улсад тун ч хэрэгтэй байгаа юм даа гэсэн эеврүү дэврүүн бодлыг минь хөөршөөн зөвтгөнө үү гэлтэй эргэн тойрных нь туулайн бөөр тэргүүт үзэсгэлэнт модод дохинхон ганхсаар үлдсэнсэн.Ерөөс Унгар улсын засгийн газар үндэсний утга зохиолын хөгжилд ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, засгийн газар жил бүрийнхээ төсөвт 361 сая порентийг үндэснийхээ утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд зориулж суулгадаг ажээ. Энэ тоо жил бүр өсч байгаа гэнэм. Гэхдээ зохиолчдын байгууллагуудад   хувиарладаггүй, харин зохиолчдын дунд сайн зохиолын тендэр зарлаж зарцуулдаг байна. Ойрын жилүүдэд энэ тендэртээ 50 зохиолчийг хамруулж байгаа аж. Нэг зохиолчид ойролцоогоор 7 сая гаран порент оногдоно.   | З61: 50 = 7 сая гаран порент | Долоон сая гаран порентоор ямар ч зохиолч зохиолоо хэвлүүлээд уншигчиддаа хүргэх боломжтой аж. Унгарт энэ тендэрт оролцдог 900 гаран зохиолч байдаг. Эдгээрээс тухайн жилд 50 зохиолч нь тендэр авах боломжтой . Үнэхээр сайн зохиол туурвиж чадсан бол тэр шүү дээ. Гоё биз. Энэ мөнгөний эх үүсвэрийг хэрхэн бий болгодог вэ? Унгарт бол   Лотто тоглоомын татвараас орж байгаа нийт мөнгөний 16, 67%-ийг уран зохиолд зарцуулна гэж хуульчилжээ. Ерөөс Европод уран зохиолынхоо санхүүжилтэнд энэ мэт аргыг хэрэглэдэг олон орон байдаг байна. Финланд улсад энэ аргыг бүр 1920 оноос хэрэгжүүлжээ. Зохиолч нөхөд минь, хэдүүлээ нийлж хууль санаачлах уу. Оюунтолгойн ордоос орох орлогын тэдэн хувийг үндэсний уран зохиолыг хөгжүүлэхэд гээд л, болохгүй нь ч юу билээ. Ер ньч тэгээд бүгдийг эвэртэн, тууртнуудад найдсанаас , өөрсдийн оролцоо, санаачлага, хичээл зүтгэлээ идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзэг нэгт Унгар нөхөд зөвлөж байдаг шүү. 
         Унгарын парламентийн гишүүд аль нам, ямар сөрөг хүчнийг ч төлөөлсөн бай, ерөөсөө нэгэн дуугаар баталдаг ганц төсөв байдаг нь энэхүү 361 сая порент гэнэмээ. Тийнхүү бид Унгарын парламентийн ордноор орох завшаан тохиов. 1885 онд баригдсан энэхүү ордон бол гаднаа ч, дотроо ч үндэсний барилгын гайхамшигт ур хийцийг хадгалсан, уран зураг, өв соёл, алт мөнгө, хөөмөл, наамлын урлаг иж бүрэн цогцолсон үндэсний урлагийн чуулбар чуулган аж.
       Будапештээс   Балатон -фюред хот орохоор өглөө эртээ хөдөллөө. Энэ аялалд биднийг манай улсад сууж байсан элчин сайд   Миклош Яцкович, Имэш Михай, Ш.Д .Ганболд нар урьсан юм. Автобусанд суунгуут Имэш Михайн эхнэр Алимаа |монгол нэр нь |өөрийнхээ гараар тарьсан алимаар бүгдийг дайлав. Тэр зуур би нэгэн таталбар бичсэн юм, үүнийгээ уншигчиддаа алим болгож барья. 
         
          Алимаагийн тарьсан алим
          Алтан бөмбөрцөг хэлбэртэй
          Нарны гал улаан
          Газрын ногоон өнгөтэй
 
          Будапештэд ургасан ч
          Улаанбаатарын навчтай
          Имэш Михай элчингийн
          Илбэсэн хурууны хээтэй
 
           Гарын өндөг хальтарсан
           Гялгар мөлгөр хальстай
           Аман дотор бөмбөрсөн
           Арам бурам амттай
          
           Мажаар бүсгүй тарьсан ч
           Монгол сэтгэлийн жимүүстэй
           Марал гүйсэн намрын
           Үрэл тошлой шимүүстэй
                                                2009.09.30. Будапешт
         
           Замдаа бид Ш.Д. Ганболдын   хоёр гурван ч    мажаар найзынхаар орж усан үзмийн ургац сонирхож, улаан цагаан дарс хэрхэн хийдгийг бодотоор үзэж, агуулахаар нь зорчиж, 1976, 1986, 1996,2006 оны дарсуудыг он, оноор амталж билээ л...Одоо үүнийг бичижээ суухад араанд амтагднам. Тийнхүү ямар ч дарсны сайн мууг хундаганд нь хэд эргүүлж, үнэрлэж, хананд нь тогтсон тослогоор мэддэг болов шүү. Австри, Бельги, Герман, Францад ч дарсны дээдийг тогтоож яваваа хө. Муу хүн уусан идсэнээ гэдэг ч, сайн дарсны тухай ярихаас ч яахав ээ.
           Өрх бүр - үйлдвэрлэгч гэсэн нэг сайхан үг тэнээд л явдаг даа. Тэр чинь дээрхи улсуудад бодотоор биелэлээ олсон байнам шүү. Австри улсын Керентөн мужийн Klobasniz тосгонд хоёр айлаар орсон юм. Нэг нь хиамны ,нөгөө нь дарсны үйлдвэрлэл эрхэлдэг хоёр л доо. Үе дамжсан бизнес нь энэ. Байгалийн цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэдэг. Хэн хэнийх нь бүтээгдхүүн муждаа бренд. Бидэнд хиамнаасаа тавгалж, улаан,цагаан дарснаасаа хундгалсан. Гүзээлзгэний, алимны, нэрсний гээд олон төрлийн дарс хийдэг аж. Хамгийн сонин санагдсан дарс бол боргоцойн дарс. Амтлаг хийгээд өвөрмөц дарс нь тэр л байсан. Эзэн нь хөгжилтэй, алиа наргианч, ер бусын эрчим, инерги цацруулсан улаа бутарсан австри эр. Хурдан түргэн ярих бөгөөд түүнийгээ цагтай уралдаж байгаа юм гэж хошигнов. Тэгснээ хамгийн үнэн явдаг цаг бол тэр дээ гээд ханандаа өлгөөтэй цагийг зааж билээ. Тэр цаг нь 10 цаг ЗО минутыг заагаад зогсчихсон байв. Австри эр цаг хугацааны тухай өөрийн философио хэлсэндэг үү, бүү мэд. 
             Харин Унгарын цагаар 10 цаг ЗО минутыг өнгөрч байхад бид Балатон нуурын эрэг дээр автобуснаасаа бууж байв. Энэ нуур бол Төв Европын хамгийн том нуур аж.Тэгээд ч Европын аварга шалгаруулах дарвуулт завины уралдаан хэдэнтээ зохиогджээ. Балатон нуурыг тойроод 160 гаран тосгон суурин бий гэнэ. Энэ нуурын эрэгт орших Балатон-фюред хот бол орчин үеийн үзэсгэлэнт сайхан хот ажгуу. Соёл урлагын хот гэж хэлж болно. Сүлд нь гэхэд л театрын байшингийнх нь хөрөг аж. Энэ хотод яруу найрагчид болон алдартай хүмүүс их ирдэг бөгөөд тэдний нэрэмжит цэцэрлэг байгуулжээ. Индира Ганди-гийн 1972 оны 6-р сарын 22-нд ирэхдээ суулгасан мод өчнөөн өндөрт мөчир найлзуураа өргөнхөн найгаж угтав. Навчсын мөнгөн шүүдэр нь нулимс мэт гялталзмуй. Дэргэд нь шахам Р.Таагүүрийн хөшөө байна. Тэр бас энд ирж байжээ. Унгарын аугаа их шүлэгч Ади Эндре амьдралынхаа сүүлчийн хормыг хайртай бүсгүйтэйгээ энд үдсэн тухай домог шиг хуучийг Ш.Д.Ганболд ярив. Дэлхийн урлаг соёлын академийн тэргүүн дээд шагнал- алтан титэмт яруу найрагч Г. Мэнд-Ооёо тэргүүлэн бид Ади Эндрегийн хөшөөнд амьд цэцгийн баглаа өргөлөө. Цэцгийн туузнаа Монголын яруу найрагчдаас гэсэн үг бичээстэй.
        Орой нь бид Балатон нуурын хөвөөнөө сарны бүдэг гэгээнд усан онгоцны эргэн тойрноо гилтэнзэн мэлмэрэх усыг харанхан хөвж явсан авай.
 
                 Баруй, бүрий үдшийн уулзварт 
                 Балатон нуурын уудмаар зорчмуй
                 Ирэлж татсан мандлын нь толионд
                 Ичингүйрсэн саран зүсээ гоодмуй
                
                 Хөлөг онгоцны индүү хитэгт
                 Хөхөлбий усан даавуу шиг урагдмуй
                 Эвхэрч хөөцөлдөх цагаан давалгаа
                 Эсгэгдсэн ормыг зуурхан хөвөрдмүй
 
                  Тэртээх эргийн тосгодын гэрэл
                  Тэнгисийн мандалд сүлрэн тунармуй
                  Усны аниртай далайн бүгчимд
                  Цасны үнэртэй талаан санамуй
 
                                                            2009. 1О. О1. Балатон нуур.
 
          З.
         Манан шүүрсэн тэнгэр, түүний өехийг цонон дүрэлзсэн галын хэл шиг уулс бол –Альпийн нуруу. Оддын гялга мэт цасан сэрвээт оргил, тэр оргил өөд хангайн сарлаг шиг тошсон нов ногоон ой хөвч, ой хөвчийн дундахь наран цоолбор зайд   улаан ногоон дээвэр бүхий дөрвөлжин цагаан байшингууд тодрон, шил толь нь гялбалзаад, хаа нэгтээ нь алаг тарлан үхэр хэд гурваар билчиж үзэгдэх, ай энэ- Австрийн хөдөөх нутаг үзэсгэлэнтэйеэ. 
          Газар орон, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх, хойч үедээ цэлмэг тэнгэр, цэнгэг ус, ижий болсон газар шороог нь тэр хэвээр нь өвлүүлэх ариун гэгээн зорилго Австри улсад дахь Монголын өргөмжит консуль Адольф Гоеэр, |Бид түүнийг Гоё-Эр гэж дууддагсан, Ер нь ч гоё эр л дээ | Дэлхийн Монголчуудын Холбооны Ёвроп дахь салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Баянжавын Баасанжав нарыг үнэнч дотно, чин журамт нөхөд болоход хүргэсэн болов уу. Бас Монголоо гэх зүрхнийх нь андгай тангараг нэгтгэсэн байж таарна. Австри улсын хамгийн том   хог, хаягдал боловсруулах үйлдвэрийн эзэн А.Гоеэр Монгол оронд чухам л ийм үйлдвэр хэрэгтэй гэж   үйлдвэртэй нь танилцаж явахад хэдэнтээ хэлэв. Ерөөс Монголоос ирсэн хүн бүрд, дарга ,мяндагтан бүрд энэ үгээ уйгагүй хэлж, хамтран үйлдвэр байгуулья, туслая, энэ чиглэлийн мэргэжилтэнгүүдийг чинь үнэгүй сургаж дадлагажуулаад өгье гэдэг ч, тэд нь наанаа толгой дохьдог ч цаанаа бол ашиг хонжоо харсаар өдий хүрчээ. Харин Б.Баасанжавын хичээл зүтгэлийн ачаар Дорнод аймагт хог хаягдал боловсруулах чиглэлээр томоохон төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм байна. Бид ч бас л түүний ивээл хишгийг хүртэнхэн Австри улсаар аялан, Альпийн уулсын хөв хөх салхиар хацраа илбүүлэн,ой хөвчийнх нь нов ногоон өнгөөр нүдээ арчинхан давхиж явсансан. Б.Баасанжав бол Германд дээд боловсрол эзэмшсэн, Авсрид олон жил суурьшиж, өндөр хүндлэлийг олсон, нэртэй өмгөөлөгч, мужийн хурлын гишүүн хүн юм. Тэрвээр жил бүр нэг монгол хүүхдийн амийг аварч, өвчнөөс нь салгах зорилготой хөдөлгөөн үүсгэн байгуулан ажиллаж 2008 онд гэхэд л нурууны өвчнөөр 18 жил шаналсан нэгэн хүүг Вена хотод авчран эмчлүүлж, эдгэрүүлэн тус буяныг хийжээ. Энэ жилийн тухайд малчин айлын ихэр хоёр охиныг эмчлүүлэхээр судалж байгаа аж.
             Түүн лүгээ монгол гэсэн сэтгэл нь өглөө бүр нартай мандаж, үдэш бүр сартай гийдэг бас нэгэн эрхэм бол- Бельги улс дахь Монгол улсын өргөмжит консул Паул Ван Воуве юм. Зохиолч Дарма Батбаярын шавь, авьяаслаг яруу найрагч С.Билигсайхан бээр түүний хамт биднийг угтан авч, Бельги улсын эртний нийслэл –Антверпен хоттой танилцуулж, тэндхийн монголчуудтай нэгэн оройг шүлэг найраг, дуу хууртай өнгөрөөх боломжийг олгосонд гүнээ талархмуу.
             Антверпен хотод алдарт зураач Рубенсийн музей үзэж,түүний авьяасын гэрэлд сөгдөн залбирч, тус хотын номын санд номынхоо дээжээс өргөн барьж, эртний болоод одоо цагийнх нь үзэсгэлэнт гудамжаар нөхдийн хамт алхсан билээ. Хоёр давхар номын сан нь хэдхэн жилийн өмнө энэ хотын хамгийн том авто гараж байсан бөгөөд ойр хавь нь тэр чигээрээ хар тамхичид, архичид, янхнуудын үүр уурхай болсон газар байчухуй. Засаг захиргаа тэдэнтэй яаж ч тэмцээд олигтой үр дүнд хүрсэнгүй. Харин хотын шинэ дарга уг авто гаражийг номын сан байгуулах зорилгоор эзнээс   нь чамгүй өндөр үнээр худалдан авч, цахим тооцоолуур бүхий орчин цагийн номын сан болгосон байна. Тэр цагаас эхлэн хүмүүс номын санруу гэгээрэхээр ирж, ойр орчим нь цэцэг навчаар бүрхэгдэн , өдөр өнгөрөх бүр ариусан цэвэршсээр нэгэн сайхан цэцэрлэгт гудам бий болжээ. Одоо энд урдын явдлаас сүүдэрийн тасархай ч үл үлджээ. Тушаал заавар, цэрэг цагдаа, албадлага шахалтаар алга болоогүй муу бүхний сүг сүүдэр номын ариун цагаан гэгээнд замхран арилсны үлгэр энэ болой. Тэрчлэн бас нэг бяцхан домог сонссоноо сонирхуулья. Антверпен хотод томоо гарын алганы баримал байдаг. Таслагдсан гарын энэ алга хоёр ч домогтой. Надад бол доорхи домог нь илүү санагдсан юм л даа. Үзэсгэлэн гоо охинтой нэгэн баян байж гэнэ. Охинд нь олон олон харчуул хайр сэтгэлээ илэрхийлжээ. Нэг өдөр баян хэлж гэнэ. Шельде голыг хамгийн түрүүнд сэлж гараад цаад эрэгт нь гараа хүргэсэн омог төгөлдөр хархүүд охиноо өгнө гэжээ. Олон ч залуус голыг гатлан сэлэхээр ирж дээ. Тэгээд нэгэн дохиогоор уралдаанд гарчээ. Голын мандал буцалж байгаа юм шиг л харагдаж байсан гэдэг шүү. Цаад эрэг ч ойртож , өчнөөн залуус чи юу, би юу хэмээн хойно урдаа орон тэмүүлцгээж дээ, гэтэл тэдэн дундаас нэг нь гарын алгаа тас цохин цавчаад голын эрэгрүү шиджээ. Чухамдаа голын эрэгт хамгийн түрүүнд хүрсэн гар бол тэр л байж. Баян эцэг охиноо тэр залууд өгчээ.Домогт гардаг Шельде гол одоо ч Антверпен хотын дундуур урссаар л амой.
           Домог түүхээр баян тус хотод хэдэн зуун Монголчууд амьдарч, аж төрдөг. Түрүүчийнх нь энэ хотод суурьшаад 14 жилийг ардаа орхижээ.   Шүлэгч биднийг тэдгээр айлуудад тараан байрлуулсан явдал Монголчуудынхаа амьдралыг илүү гүнзгий мэдэхэд хэрэг болсон билээ. Миний хувьд, угсаатны зүйч Ц. Батсайханы хамт хувирлагдав. Зоосны нэртэй цуглуулагч тэрбээр бэлэг дурсгал, ховор дэвтэр, музей үзэсгэлэнгээс өөр юм  хайхардаггүй эр бөлгөө. Юм л бол энэ барилгын ур хийцийг ээ , тэр хөшөөний зохиомжийг ээ гээд зураг авч зогсох нь олонсон.
Тийнхүү бид хоёр телевизийн найруулагч нөхөрсөг энгүүн ,алиа наргианч Батбаярынд хоёр хонож, ааль тунгалаг гэргий Баярмаагийн гарын цайг амталж, эрдэмд шамдсан хоёр хүүгээр нь бахархсан билээ. Тэр хоёр хүү бол англи, герман, недарланд хэлийг төгс төгөлдөр эзэмшсэн бөгөөд одоо франц хэлийг гаргуун сурч байгаа хоёр доо. 
         Ерөөс би гадаад дахь Монголчуудаараа ихэд бахархмуй. Яруу найрагчдын их хурлын хэд гурван хоногоос бусад бүх өдөр хоногуудыг   тэднийхээ ээл нөмөр, сайхан сэтгэлийн гэгээн доор өнгөрөөсөн билээ л. Тэд биднээс илүү ажиллаж, биднээс илүү боловсорч, биднээс илүү ирээдүйдээ итгэл төгс байна. Эх орноо хайрлах утгын чинадад илүү гүнзгий нэвтэрч байна. Хүүхдүүд нь өрнө, дорнын нэртэй сургуулиудад сурч, өндөр боловсрол эзэмшиж, гадаадад Монголынхоо нэрийг цуурайтуулж байна. Антверпен хотноо амьдран суугч Доржбаярын хүү Амаржаргал Бельги улсын шатарын аварга цол хүртэж, ихэр охидынх нь нэгэн болох Золжаргал   Английн ВВС телевизээс Европ даяар зарласан “англи хэлээр хэн сайн илтгэл тавих вэ?” уралдааны тэргүүн байранд шалгарчээ.
            Ийнхүү, монголчуудтайгаа Луврын шилэн бүрхүүлт танхимд таарч, Парисын гэрэлт цамхагийн дэргэд хамтдаа зураг татуулж, Таатарын уулын бэлд мэндчилж, Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуулийн гэрэлт танхимнаа шүлэг найрагаа уншилцаж , Австрийн Керентөн мужийн найрал дууны баяр дээр хундага жингэнүүлж явчухуй. Өөдрөг бадрангуй тэдэнтэйгээ цагаан дарс барьж, жүнз жингэнүүлэн тулгая. Мажаар нутгийн наран шаргал дарс шүү.
 
                       Ай, цагаан дарс-
               Үзэсгэлэнт мажаар бүсгүйн
               Мэлмийн гал юмсан уу
               Тийм бадрангуй юм,
                        Ай, цагаан дарс-
                Зоригт мажаар эрийн
                Зүрхний хэмнэл юмсан уу
                Тийм задрангуй юм, 
                             Ай цагаан дарс-
                 Аргамаг Дунай мөрний
                 Давалгаан чимээ юмсан уу
                 Тийм хөөсрөнгүй юм,
                        Ай цагаан дарс-
                Ади Эндре шүлэгчийн
                Амрагийн дуулал юмсан уу
                Тийм уясангуй юм,
                         Ай, цагаан дарс-
                Бүрэнхийн сүүдрийг хөөгч
                Хувилгаан гэрэл юмсан уу
                Тийм цахилангуй юм,
                         Ай цагаан дарс-
               Бүхнийг уриалан дуудагч 
               Сайхны гялбаа юмсан уу
               Тийм захирангуй юм,
                         Ай, цагаан дарс,
                         Ай цагаан дарс        
 
 
                                                2009.10. 01. Балатон-Фюред хот.
        Ийнхүү Берлин хотоос эхэлсэн яруу найргийн айзамт аялал Унгар, Австри,Франц, Бельгээр өртөөлөн Альпийн нурууг нар зөв дугуйран, анх эхэлсэн цэг Берлиний нисэх онгоцны олон улсын буудал TXL –дээр МИАТ-ынхаа “БОИНГ-747” онгоцонд сууснаар өндөрлөсөн билээ. Ертөнцийн хаа ч явсан алдхан биений минь эд эс бүхэнд уяатай зүрхэн тоонот Монголоо энэхэн цөөхөн хоногт хичнээн чиг их санаа вэ? Санасан сэтгэлийн минь хараацай буй биеэс түрүүлэн нутгаа зорьж одов. Тэр зүгт миний гэх бүхэн минь бий.
 
 
2009. 09. 27- 10- 08.

Улаанбаатар-Берлин-Будапешт-Вена-Парис- Брюссель-Антверпен.                   

Нийтэлсэн: Д.Нямаа

Альпийн уулсыг наран зөв тойрсон тэмдэглэл   
Үзсэн: 7281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Baigali Ganbold [202.21.117.xxx] 2013-12-11 19:19
Цээжилмээр санагдав, үг бүрийг тань. Бичих үйл гэдэг энэ байхаа тэ?
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-11 19:17
Төгс
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-11 19:17
Төгс
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-12-11 11:56
Uyangatai urtai ubidastai saihan bichjee, minii naiz. Uran buteeliin amjilt khusie. ALTRAGIIN KHUU

Бидэнтэй нэгдээрэй