
Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо.
Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ. 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв.
Гэвч 2016 оны кюүшю башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.
Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлсны дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон юм.
Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах ажээ.
Өнгөрсөн онд Асасэкирюү Б.Дашнямаас гадна ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж, Шёотэнро Д.Нямсүрэн нарын Монгол сүмоч зодог тайлах болсноо албан ёсоор зарласан билээ.
Б.Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр боллоо | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.