Шууд Chart

Төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдав

2018-02-09 16:21:16

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы отгон (2018.02.09) хуралдаан 10 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцууллаа. Байнгын хороо 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Баттөмөр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нараас асуулт асууж, тодруулсан юм.

Тухайлбал, цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн Улсын Их Хурлын тогтоол 2001, 2009 онд гарч байсныг гишүүд хэлж байсан бөгөөд өдгөө цагаачийн статустай амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар, холбогдох хуулийн хэрэгжилтийн талаар хяналт тавьж, мэдээлэл авч байх шаардлага бий гэдгийг хэлж байв. Гадны иргэдэд цагаач иргэний статус олгохдоо өндөр шалгуур тавьж байх шаардлагатай талаар саналууд гаргаад цагаачлах эрхгүй ч Монгол Улсад удаан хугацаагаар амьдарч буй гадаад иргэдийн асуудлыг хөндөв.

Гадаадаас ажиллах хүч авах, дүрвэгч, цагаач, орогнол хүсэгч гэдэг нь өөр ойлголтууд бөгөөд хэлэлцэж буй төслөөр зөвхөн цагаачлуулах статусын талаарх зохицуулалтын талаар хөндөж байгааг тайлбарласан юм. Гадаадын иргэдээс цагаач иргэн болох хүсэлтийг олноор ирүүлдэггүй, уг статусыг олгох шалгуур өндөр байдаг тул хүсэлт ирүүлсэн болгон нь тэр бүр шалгуур давдаггүй талаар гишүүдэд мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15 орны 1959 цагаач иргэн бүртгэлтэй байгаагийн 80 гаруй хувь нь олон жил манай оронд ажиллаж, амьдарч ирсэн хүмүүс байгааг тайлбарлав. Эдгээрийн 387 нь 0-16 насны хүүхдүүд байгаа бол 593 нь 19-40 насных, 582 иргэн нь 41-60 насных, үлдсэн 350 иргэн нь 60-аас дээш настай хүмүүс байгаа аж.

Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай асуудлыг хэлэлцдэг талаар Д.Мөрөн хэлээд "Энэ зохицуулалтын дагуу тогтоолын төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байна. Монгол Улс жилд дунджаар таван хүнд цагаачлах статус олгодог. Тодруулбал, 2011 онд хоёр хүнд, 2012 онд зургаа, 2013 онд огт олгоогүй бол 2014 он найм, 2016 онд дөрөв, 2017 онд хоёр иргэнд тус тус шинээр цагаачлалын статус олгосон байдаг. Төсөл дэх 100 гэдэг тоо бол энэ хэмжээгээр олгоно гэсэн асуудал биш. "100 хүртэл" гэсэн байгаа, өөрөөр хэлбэл нэг хүнд ч олгож болно гэдэг лимитийг тогтоох, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа" гэдгийг тайлбарласан. Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд дөрвөн жилд нэг удаа үүнтэй  холбоотой асуудлыг хэлэлцдэг ч өнгөрсөн хугацаанд огт хэлэлцэгдээгүй явж ирснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэллээ. Хууль хэрэгжүүлэх хүрээнд дээрх төслийг өргөн мэдүүлсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлсэн бөгөөд дараа нь "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж энэхүү санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан. Энэ дагуу санал хураалт явуулсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 38.2 хувь нь дэмжсэн тул "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй шийдвэр хэвээр үлдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д "… энэ хуулийн 19.3.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи төслийг хэлэлцэхийг дэмжээгүй, эсхүл энэ хуулийн 16.8-д заасан үндэслэлээр төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцох…" хэмээн заажээ. Иймд дээрх төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж Улсын Их Хурлын дарга уг тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.


Төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдав  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй