Шууд Chart

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа

2018-02-09 16:33:00

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "…Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана…" хэмээн заасан байдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Лхагва гарагийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 3, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоох зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр төсөлд тусгасан болохыг танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь "Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолыг батлахыг дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.

Уг тогтоол батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм. Үүнд:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2/"Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

9/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

15/"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24/Бусад.  

Улсын Их Хурлын дарга үдээс өмнөх хуралдааны төгсгөлд дээрх тогтоол болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм.


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй