
“Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баяр зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Бөх сонирхогчид Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Т.Баасанхүү, М.Бадарч, О.Хангай нарын нэгийг түрүүлнэ байх хэмээн хамгийн их нэрлэж байна.
Ямартай ч жил бүр уг барилдаан өөрийн гэсэн онцлогтой болоод өндөрлөдөг. Иймд өнгөрсөн жилүүдийн барилдааны сонин хачинг уншигч танаа сонирхуулья.
- Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Тэрбээр 11-т нь завсаргүй түрүүлж, дахин нэг рекорд амжилт үзүүлсэн юм.
- Алдарт хоёр Мөнх аврага 22 настай байхдаа улсын заан цолтой байлаа. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн хамгийн залуу бөхөөр нэрлэгдсээр байна.
- Улсын аварга Д.Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ё.Ишгэн, Д.Цэрэнтогтох, Д.Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийг үзүүр, түрүүнд даван түрүүлж байв. Д.Хадбаатар аварга энэ гурван түрүүгээ улсын арслан цолтой байхдаа авч байжээ.
- Улсын аварга Ч.Бээжин улсын арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэж байжээ.
- Өвөрхангай аймгийн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм.
- 1963, 1967, 1988, 2008, 2011 оны барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байгаагүй юм.
- Аварга цолонд хүрээгүй түрүү авсан зургаа бөх нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбарам, Ш.Мөнгөнбаатар Ц.Содномдорж нар нэрлэгдэж байна. Гэхдээ залуу арслан Ц.Содномдорж уг цолонд ойрхон байгаа гэдэгт бөх сонирхогчид үргэлж хэлдэг, найддаг.
- Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх удаа түрүүлэхдээ улсын заан цолтой байлаа.
- Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа “Алдар” спорт хорооных. Тэд бол Монгол Улсын ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү, ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням нар билээ.
- Одоогийн байдлаар Хэнтий 13, Төв 13, Увс 11, Өвөрхангай тав, Архангай долоо, Булган, Сүхбаатар, Хөвсгөл хоёр, Сэлэнгэ аймгийн бөхчүүд нэг түрүүлээд байна.
- Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн тохиолдол 23 удаа давтагджээ.
- Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарчээ.
- Цагаан сараар түрүүлсэн бөх улсын баяр наадамд үзүүрлэсэн тохиолдол найман удаа гарч байжээ.
- Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа гарч байсан юм.
- 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 оны цагаан сарын барилдаанд хүч үзээгүй бөхчүүд улсын наадмаар түрүүлжээ.
Сар шинийн барилдааны сонин хачин | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.