Шууд Chart

Манай улсын хоёр аварга зүүн, барууныг манлайлна

2018-03-07 10:34:06

Мэргэжлийн сүмогийн ээлжит башё ирэх ням гарагт эхэлнэ. Энэ сараас эхлэн манай хоёр ёкозүна цолтон барилдана. Их аварга Хакүхо М.Даваажаргал барууныг манлайлах бол Какүрю М.Ананд зүүнийг тэргүүлэх юм.

Уг башёд манай улсаас хоёр аваргатай нийлээд зургаан сүмоч барилдана. Тодруулбал Чиёошима Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нар дээд зиндаанд хүч үзнэ.

Эдгээрээс Хакүхо М.Даваажаргал 64 башёд ёкозүна цолтой барилдаж буйгаараа онцлог юм. Ингэснээр хамгийн олон башёд их аварга цолтой барилдсан түүхэн амжилтыг шинэчилж буй.

Озеки цолтнуудад онцлох зүйл байхгүй бол секиваке Митакүми тав дахь башёдоо дараалан секивака цолтой зодоглох гэж байна. Мөн долоо дахь удаагаа цолтой барилдаж буй нь энэ юм.

Мөн секивакегаар Точиношин барилдана. 2016 оны долдугаар сард хамгийн сүүлд уг цолтойгоор барилдаж байсан Точиношин 10 башёгийн дараа цолоо эргүүлэн авчээ.

Харин көмүсүби цолонд манай бөх Ичиножо А.Ичинноров эргэн ирлээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сард уг цолтойгоор барилдаж байгаад дараа башёд нь секивака болсон ч харамсалтай нь цолоо алдаж, түүнээс хойш цолондоо дахин хүрч чадаагүй юм. Харин өөр нэг Көмүсүби цолтой бөх нь Чёотайрю. Тэрбээр 2014 оны есдүгээр сараас хойш 21 башё цолгүй барилдсан.

Мөн манай бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Жюрё зиндаа руу унаж барилдахаар болсон таагүй мэдээтэй.

Тэрбээр уг зиндааны барууны таваас босч барилдана. Өмнө нь озеки цолонд хүртэл хүрэн барилдаж  байсан Г.Ган-Эрдэнэ гэмтэл бэртлийн улмаас ийнхүү төдийлөн сайн барилдаж чадахгүй байсаар жюрё хүртэл унав.

Энэ нь сүмогийн түүхэнд дөрөв дэх тохиолдол аж. Өмнөх гурав нь Дайжү, Миябияма, Барүто нар байжээ.

Мөн дээд зиндаанд түрүүлж байсан бөх зиндаа доошилж буй 12 дахь тохиолдол бөгөөд хамгийн сүүлийнх нь мөн л Барүто юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын хоёр аварга зүүн, барууныг манлайлна  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй