Шууд Chart

Ө.Бат-Орших: Бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэсэн Тамоксифен гэдэг эм уусан

2018-03-09 16:45:00

МҮБХ, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй Монгол бөх” төсөл хэрэгжүүлсэн.

Энэ төслийн хүрээнд анх удаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан юм. Уг төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлэв.

Өнөөдөр Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа юм байна.

Эл асуудлаар улсын гарьд Ө.Бат-Орших өнөөдөр албан ёсны фэйж хуудсаараа дамжуулан мэдэгдэл, тайлбар хийлээ.

Тэрбээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.

144738

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Бат-Орших: Бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэсэн Тамоксифен гэдэг эм уусан  
Үзсэн: 2942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй