
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Уг хурлаар допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаярт нарын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр оногдуулав.
Үндэсний бөхийн дүрмэнд Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журамын 4,1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулах хэмээн заасан байдаг.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа "Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Дээрх бөхчүүд 'А' сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх 'В' сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.
Дашрамд дуулгахад, МҮБХ-ны ээлжит наймдугаар “Их эе” хурал ирэх бямба гарагт болно. Үүнд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан цолтой бөх оролцох гэнэ. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөлөл журмын дагуу сонгогдох аж. Үүнээс гадна 21 аймгаас нийт 42 төлөөлөгч сонгогдон саналаа хуваалцана.
Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаярт нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа | ||
Үзсэн: 1914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.