
УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн ахмад нь өдгөө 94 насыг зооглоод буй Жалелийн Хазира гуай байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ мэндчилгээ дэвшүүлээд, Монголын казах иргэд ёс заншил, өв соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь уламжлан хадгалж, баяжуулан хөгжүүлж байдагт талархал илэрхийлэв. Наурызын баяр бол ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийн хэмжээний баяр юм гэлээ. Тэрбээр казах иргэд маань орчин цагийн Монгол Улсыг бүтээн байгуулахад, ялангуяа мал аж ахуй, газар тариалан, барилга, зам тээвэр, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг онцлов.
Дараа нь УИХ-ын гишүүн асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Таукейн Султан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Хавиш Ислам нар УИХ-ын даргад талархал илэрхийлээд, төр засгаас үеийн үед казах иргэдээ анхаарч, бодлогоор дэмжиж байгаад баярлаж байна гэлээ.
Зочдыг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан, гавьяат тээвэрчин Раздыкын Сандалхан казах түмний дуу хуур, аз жаргалын бэлгэдэл домбор хөгжмөө УИХ-ын даргад дурсгаж, Төрийн их цагаан тугны дэргэд дурсгалын зураг авахууллаа.
УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.