Шууд Chart

“Дэлхийн цом”-д өрсөлдөх манай улсын бөхчүүд маргааш АНУ-ыг зорино

2018-04-03 13:52:25

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно.

Тус тэмцээнд найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан юм.

Тэгвэл тэдний оронд ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг оролцохыг урьсан. Ингэснээр эрчүүд маань сүүлийн таван жил дараалан Дэлхийн цомд зодоглохоор болж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон. Эднээс 70 кг-ын жинд АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилдаг, спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллийн ОУТ-д 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар оролцоно. 

Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид маргааш эх орноосоо мордох юм.

Манай эрэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-ын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн цом”-д өрсөлдөх манай улсын бөхчүүд маргааш АНУ-ыг зорино  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй