
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль- байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нислэгийн ангилал, төрөл тодорхой болох, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын болон Агаарын цэргийн командлалын энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж, уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.
Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.
Ингээд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.