
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркийн Анталья хотод боллоо.
52 орны 344 жүдоч өрсөлдсөн “Анталья 2018” гранпри тэмцээнд Герман, Серб, Азербайжан, Иран, БНСУ, Монгол зэрэг олон орноос олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид оролцсон юм. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй найман тамирчин өрсөлдөж гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар эхний өдөр медалийн болзол хангаад байсан бол өчигдөр явагдсан хүнд жингийн барилдаанаас 100 кг-ын жинд Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болсон юм.
Л.Отгонбаатар Бразил, Австрийн жүдочдыг ялж, ОХУ-ын Адамиан Арманд ялагдсан ч дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Арментерозыг ялснаар медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Түүнтэй ОХУ-ын Илясов таарсан бөгөөд манай бөх цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон.
“Анталья 2018” гранпри тэмцээний онцлох тамирчин бол олимпийн алт, мөнгөн медальт, ДАШТ-ийн хүрэл медальт Н.Түвшинбаяр байсан. Тэрбээр +100 кг-ын жинд хүч үзсэн бөгөөд эхний тойрогт хийлсэн ч Кубийн бөх А.Грандуд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй аваргын хувьд энэ оны олон улсын тэмцээнийг Туркээс эхлүүллээ.
Туркийн гран при тэмцээнийг Косово улсын баг тамирчид гурван алтан медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ, Турк, Швед тус бүр хоёр аваргатай буцлаа. Гүрж, Азербайжан, Австри, Тажикистан, Португалын баг нэг алтан медаль зүүсэн бол БНСУ хоёр мөнгө, нэг хүрэл, Монгол гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
“Анталья 2018” гран при тэмцээнд 52 орны жүдоч өрсөлдсөнөөс 26 нь ямар нэгэн медаль хүртлээ.


Туркийн татамигаас манай тамирчид гурван хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.