
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2018.04.10) 09 цаг 29 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төсөл санаачлагч гишүүн чухал шалтгаанаар чөлөө авсан байгаа тул Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах санал танилцууллаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаархи УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулах саналаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дуулгасан юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 02 тоот дүгнэлтийг УИХ хүлээн авсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан асууж, тодруулах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд санал хураалт явуулсан. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.