Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-04-10 13:12:06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Н.Учрал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад ирүүлсэн зөвлөмжтэй албан ёсоор танилцах, төсөл дэх зохицуулалтууд эдгээр зөвлөмжийг бүрэн дүүрэн хангаж буй эсэхийг, 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх эрсдлийн талаар тодруулав.

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар батлагдсан ФАТФ-ын 40 зөвлөмжийг гишүүдэд танилцуулахад бэлэн болсон талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэллээ. Түүнчлэн хэлэлцэж буй төсөлд дээрх зөвлөмжийн олонхийг тусган, холбогдох зохицуулалтыг тусгасан, төрийн бус байгууллагын санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг салбар хуулийн хүрээнд шийдэх боломжтой учир тусгаагүй гэв. Манай улс зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ажиллахаар тогтов.

Хуралдааны үеэр гишүүдийн тодруулсны дагуу Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим мэдээллийг танилцуулав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотойгоор үүсээд буй асуудлыг нягтлах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран байгуулахаар төлөвлөөд байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн асан С.Зоригийн амь насыг бүрлэгсэнтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаархи асуудлыг эхлээд Хүний эрхийн дэд хороо хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ноос гаргасан дүгнэлтийг нэн тэргүүнд Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор хүргүүлж, тус дүгнэлтийн хүрээнд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлыг нягтлан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ   
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй