Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

2018-04-10 13:16:40
Error loading player: No playable sources found

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга  Ц.Нямдорж танилцууллаа.  Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар байдаг бөгөөд дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцоогүй байна.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу  УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцжээ. Хуралдааны үеэр  Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд одоогоор  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна.

Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаархи Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс аргагүй нөхцөл үүссэн гэлээ. Иймд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын зүгээс мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Батнасан, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй