
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтын зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Байнгын хорооноос боловсруулсан хуулийн төсөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авна гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох, мөн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “67.1.5” дахь заалтыг эшлэснийг хасахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуульд оруулах өөрчлөлтийг дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн зарим заалт цэцийн босгыг давахгүй байх тохиолдол олонтаа гарч байгаа тул шинээр батлагдаж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс бусад орны жишгийн дагуу Хууль зүйн байнгын хорооны бүтцэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусганы дагуу Шүүхийн тухай, шүүхийн захиргааны байгууллагын болон шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч, сайдын өгсөн чиглэлийн дагуу төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Хуульд заасны дагуу холбогдох судалгаа тооцоог хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн Засгийн газраас санал авсны үндсэн дээр эдгээр багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бололцооны хэрээр үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Банкны өр төлбөрийн тухайд ямар хөрөнгөнөөс тухайн өр төлбөрийг гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөх нь чухал байна. Үүнийг тодорхой зааж өгөөгүйгээс болоод өр барагдуулахад хүндрэл үүсэх, цаг хугацаа алдах тал гардаг гэсэн хариулт өгөв.
Ингээд Байнгын хорооны саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ.
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт оруулав | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.