
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна. Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20, 2016 онд 29.6 хувь болж 10.0 пунктээр нэмэгдсэн. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмж бол Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого тул хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа эсэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгохоор ОУВС-тай тохирохдоо бусад халамжийн арга хэмжээнүүдийн төсвийг хасах уу гэдгийг илүүтэй лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улс эдийн засгийн буруу бодлогын улмаас санхүү, эдийн засаг хямарч, өрийн дарамтад орж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг тогтворжиж, нааштай үр дүн гарч байгаа. Эдийн засаг хүнд үед тусалсан ОУВС-тай тохирсон гэрээ хэлцлүүдээсээ няцаж болохгүй. Гэхдээ Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байгаа тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгох талаар 3-4 сар ярилцаж хэлэлцэж байж асуудлыг нааштайгаар шийдсэн. Хэлэлцээр амаргүй байсан гэж хариулж байлаа. Мөн тэрбээр, Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өндөр хүүтэй зээл авч, олгож ирсэн. Өнөөдөр гэхэд 875 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн. Нэмж хэлэхэд, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоход 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүй, цаашлаад халамжийн бусад арга хэмжээний хөрөнгөнөөс хасагдахгүй гэдгийг анхааруулав.
"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.