
УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулга хийж, уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Д.Оюунхорол, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Д.Оюунхорол нарын гишүүдээс гаргасан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот, 2018 оны 01 тоот тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 тоот хавсралтын “Хуулийн дагуу гүйцэтгэх аудит” гэсэн хэсэгт тусгагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй дуусаагүй барилгуудад аудит хийх, аудит хийж дуусгах хугацаа 2018.01.01-2018.04.01, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацаа 2018.05.01, хэлэлцүүлэх Байнгын хороо Төсвийн байнгын хороо” гэсэн сэдвийн аудит хийж дуусгах хугацааг 2018.06.05, УИХ-д хүргүүлэх хугацааг 2018.06.09 гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.