Шууд Chart

Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцуулав

2018-04-18 09:44:31

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Төрийн аудитын байгууллага 2017 оныг Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажилласан. Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийсэн. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.  Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгаж, 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож, харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн. Зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтны асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Оюунхорол, Ч.Улаан, Ж.Батзандан нар Үндэсний аудитын газрын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Үндэсний аудитын байгууллага зөрчил гаргасан албан тушаалтнуудыг  хууль хяналтын байгууллагад шилжүүллээ гэдэг. Тус газрын тайланг хэлэлцэх үед хууль хяналтын байгууллагынхныг оролцуулж, зөрчил гаргасан этгээдэд авсан арга хэмжээ, хариуцлагын талаар тодруулах шаардлагатай байна. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 47.5.-д “Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлан, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, дүгнэлт гаргаж болно” гэж заасан тул Үндэсний аудитын газрын 2017 оны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь  уг саналыг дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцуулав  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй