
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 23 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх зөвлөмж гаргасан. Салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон дээрх хэлэлцүүлгийн тайлан мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах хүсэлтэй байна” гэлээ. Байнгын хорооны дарга ирэх долоо хоногийн хуралдаанаар мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хийж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцсэн байна. Ингээд төслийн зарим нэр томъёог бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, Үндэсний зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилох, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 3.1.11-т “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж тусгасан байгаа бөгөөд хууль батлагдаад хэрэгжсэн тохиолдолд дээрх зүйл, заалтаар далимдуулан хүнийг хэлмэгдүүлэх асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэн Ажлын хэсэгт анхааруулж, найруулга дээр нухацтай ажиллахыг сануулсан.
Түүнчлэн төсөл дэх “3.1.12.“үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг” хэмээх заалт нь энэ төрлийн арилжаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар томъёоллыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа.
Төсөл дэх хууль батлагдсан тохиолдолд дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 01-ний өдөр болгох Ажлын хэсгийн саналыг хуралдаан оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг 64.3 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.