
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5. дахь заалтад заасны дагуу Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.