
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дөрвөн асуудал хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилсан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн дунд сургууль нь анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Хөгжим, бүжгийн коллеж хэмээн нэрлэгдэх болжээ.
Харин 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын тогтоолоор Хөгжим, бүжгийн их сургууль буюу Консерватор болсон. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчин зэргийг нь харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Иймээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил мэргэжлийн урлагийн салбарыг хүний нөөцөөр хангах, Монголын урлагийг хөгжүүлэхэд 6-16 жилийн шаталсан сургалтын тогтолцоотой тус Консерваторын сургалтын үйл ажиллагааг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг үндэслэн холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудлыг судалж үзэх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн дээр Байнгын хорооны тогтооолын төсөл санаачилжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа үг хэлж тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгаж, Консерваторын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх тогтоолын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулсан юм.
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар батапсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж батлахаар тусгасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор баталжээ. Ийнхүү Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газрын тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа, Н.Учрал нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнө нь тухайн салбарын цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурлын тогтоолоор бөталж байсан бол Хөгжлийн бодлого,төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар тодорхой салбарын хөгжлийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар баталж байхаар хуульчлагдсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, техник технологийг улс орны хөгжлийн асуудалтай уялдуулах, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах замаар мэдлэг, технологид суурилсан чадамж чадавхи бүрдүүлэх, ШУА-ийн статус, санхүүжилтийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг чадваржуулах, эрдэмтэн судлаачдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, салбарын яамнаас юун түрүүнд шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг эрх зүйн хувьд чадамжтай болгох, ганц улсын төсвийн эх үүсвэрээс хараат бус байх биш санхүүгийн бусад эх үүсвэрийг хуулиар нээж өгөх нь чухал гэж үзэж байгаа, энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж холбогдох судалгаа тооцоо хийх, санал авах ажлыг эхлүүлээд байгаа гэдгийг хэллээ.
Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.