
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 24 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.
Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар тус Байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар болсон юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулга хийлээ. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Тухайлбал, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 6.9.1 дэх хэсгийн “эд мөрийн” гэснийг “нотлох” гэж өөрчлөх, төслийн 4 дүгээр зүйлийг хасаж, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нийгэмд багагүй хүлээлт үүсгэж, олон нийтийн анхааралд байгаа энэ хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байгаа тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулъя гэсэн горимын санал гаргасан боловч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан учраас дэгийн хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээр нь батлуулах боломжгүй гэж үзэв.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.