Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-04-26 15:13:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.04.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын зохицуулалтыг тодорхой болгож УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах болон уг асуудлаар УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооноос санал, дүгнэлт гаргахаар хуулийн зохицуулалтыг тодорхой болгож төсөлд тусгажээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарим зүйлийг тодруулж, хууль санаачлагчаас хариулт авсан. Үүний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 2 дугаар зүйлийн 6.9.1-ийн “эд мөрийн” гэснийг “нотлох” гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлийг хасаж, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөхөөр өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй