
УИХ-ын 2018 оны хаврын чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт, нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттайгаар бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг нь экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарсныг онцлов.
2013 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 23858.7м3 мод, модон материал гаднаас имортолж байсан бол 2015 онд 34370.7м3 болж 10.5м3 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна.
2017 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн зориулалтын хэрэглээний модны хэмжээг 47,2 мянган шоометрээр тогтоосон нь 2013 оныхоос даруй 40,7 хувиар бага байгаа, цаашид буурах хандлагатай байгаа нь татварын хөнгөлөлттэй шууд холбоотой аж. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулжээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.
Төсвийн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийн үзэл баримлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төрийн албаны зөв бодлогыг залгамжлуулах шаардлагатай. Монгол Улсын байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах асуудлыг шийдвэрлэхэд хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудлыг дэмжих нь зүйтэй” хэмээн санал хэлэв.
Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.