
УИХ-ын 2018 оны хаврын чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад мэдээлэл, харилцааны технологи үүсч хөгжин улсын эдийн засаг, нийгэм, соёл, иргэдийн сэтгэлгээнд бодитой өөрчлөлт авчирсан хэдий ч хөгжлийн хурд, нөлөөлөл нь боломжит хэмжээ, хүрээнд хүрэхгүй байгаа аж. Гэтэл дэлхий дахинд мэдээлэл, харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загвар их байна. Иймээс дэлхий дахины энэхүү жишиг загвар, ололт туршлагад тулгуурлан улс орныхоо эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон, чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилготой “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэнийг онцлов.
Мөн тэрбээр, Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын олон иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын бүтцэд байгуулснаар дээрх асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэдгийг танилцуулгадаа дурдлаа.
“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Н.Учрал, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Х.Нямбаатар Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Занданшатар. Н.Энхболд. Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шалтгаан, давуу тал, мөн Түр хорооны ажиллах хугацаа, цахим орчинд дахь хүний нэр төрд халдсан гүтгэлэг, худал мэдээлэл тараах асуудлыг хэрхэн зохицуулах талаар илүүтэй тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбат хариултдаа, Монгол Улсад мэдээлэл, харилцааны технилогийн салбарт нэгдсэн бодлого байхгүй, энэ салбарын байгууллагуудын уялдаа сул, хяналтгүй байгаа юм. Иймд Түр хороо байгуулаад мэдээлэл, харилцаа, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх, нэн түрүүнд цахим засаглалыг хэрэгжүүлж төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсал хийх бодлогыг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэж жилийн хугацаанд ажиллахаар зорьсон гэж байсан.
Мөн цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахын тулд үндэсний онцлогт тохирсон, үндэсний чадавхитай байгууллага байгуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг онцлов. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, сошил орчныг зохицуулахаар Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэн нэмж хариулав.
“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжсэн тул уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.