Шууд Chart

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2018-04-27 13:37:36

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.27) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Нямбаатар нарын гурван гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Боловсролынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульднэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулав. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуулийн энэ зохицуулалтыг өөрчилж, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байх төслийг санаачилжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн,  Ё.Баатарбилэг нар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн албаны тогтвортой байдлыг хангах, сургалтын чанарыг дээшлүүлэхэд энэ төсөл ач холбогдолтой учраас дэмжиж буйгаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан боловсролын салбарт өөрчлөлт хийхийг зорьж байгаа бол хийсэн шиг хийх нь чухал, тиймээс сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн томилгооны асуудлыг энэ салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн утгаар нь харж цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нар асуудлыг сум, дүүрэг талаас нь биш томилгоог хийдэг тогтолцоог хэрхэн зөв эрүүл болгох, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахад анхаарах, хуульд нөхөөс хийх байдлаар алаг цоог нэмэлт, өөрчлөлт оруулах биш асуудлыг цогцоор нь шийдэхэд салбарын яам нухацтай, тооцоо судалгаатай хандаж бодлогын шинэчлэлээ оруулж ирж шийдүүлэх шаардлагатайг хэллээ.

Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар өгсөн хариултдаа, урьд нь хэвийн явж байсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн томилгоог 2012 онд оруулсан хуулийн өөрчлөлтөөр дээд шатны Засаг даргаас хамааралтай болгосноор орон нутгийн эрх мэдлийг хумьж, боловсролын байгууллагыг улстөржихөд хүргэсэн гажуудлыг засах үүднээс хуулийн төслийг санаачилсан гэдгээ тодотгов. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа гишүүдийн зарим асуултад хариулт өгч байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ хуулийн төслийг салбарын яам, Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн атал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Сүүлийн хэдэн жилд л гэхэд боловсролын салбарын хуулиудад 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Иймээс зарим асуудлыг сугалж авч өөрчлөх биш асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гаргаад байгаа. Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Түүнчлэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 29 нь буюу 52.7 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжээгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй