Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тавьсан асуулгын хариуг сонсов

2018-04-28 09:33:50

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2018.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгын дагуу “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” мэдээлэл сонсов.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн санхүүжилтийн талаар танилцуулсан. Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны тавдугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны “Тусгай туслалцааны төсөл”-ийн хүрээнд 2007 онд боловсруулсан шинэ нисэх буудлын Техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд тулгуурлан, 2011 онд японы Зөвлөх компани зураг төсөл боловсруулах шатанд төсөвт өртөг нь дээрх зээлийн гэрээний дүнгээс хэтрэх тооцоо гарснаар барилгын ажлын төлөвлөлтийг дахин хянаж, улмаар  жилд 3 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай хөөрч буух зурвас, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжтай нисэх онгоцны буудлыг төлөвлөсөн байна.

Зээлийн гэрээний “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авна” гэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2011-2012 онд хоёр удаа зарласан. Зээлийн нөхцөл ёсоор төслийн гүйцэтгэгч нь Японы компани байх шаардлага хангагдаагүйгээс сонгон шалгаруулалтад хүндрэл учирч, улмаар хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтад техникийн санал нь шаардлагад нийцсэн “Мицүбиши, Чиёода” компаниудын түншлэлээс бүтээн байгуулалтын ажлыг 47.1 тэрбум иенээр гүйцэтгэх санхүүгийн санал өгсөн байна.

Санхүүгийн саналыг нягталж, гэрээний дүнг 39.8 тэрбум иенээр тогтоосон ч нэмэгдсэн өртгийн албан татварын 2.7 тэрбум иен, ханшийн зөрүүний эрсдэлийн  зардал 2.4 тэрбум иен нэмэгдсэнээр 44.9 тэрбум иенийн дүнтэй гэрээ байгуулахаар тогтсон. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай боловч гэрээнд тусгагдаагүй шатахууны сумалгааны гидрант систем болон хөөрч буух зурвасын тэнхлэгийн гэрлийн ажлуудыг 4.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр тохирч, гэрээнд тусгажээ. 

Монгол Улсад 2013 оны гуравдугаар сард албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр төслийг эхлүүлэх, шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 36.8 тэрбум иенийн нэмэлт Зээлийн гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулжээ. Нэмэлт зээл авах үед 2015 оны хоёрдугаар сард Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг томилон төслийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит шалгалт хийж, шийдвэрлэсэн байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан юм. 2013 оны тавдугаар сараас төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, үндсэн барилга, байгууламжуудын барилга угсралтын ажлыг 2016 оны арванхоёрдугаар сард дуусгаж, 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаж, илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд 48,0 тэрбум иений өртгөөр 32 барилга байгууламж баригдаж,1,5 тэрбум иений өртөг бүхий нисэхийн тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлжээ.   

Монголын талын, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй аэродромын үйлчилгээний болон ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын ажил 74,7 хувь, захиргааны барилгын ажил 95,6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд 2015-2018 онуудад Үндэсний аудитын газраас жил бүр ээлжит аудит шалгалтыг зохион байгуулж ирсэн байна. Түүнчлэн тус нисэх буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж буй ажлын төлөвлөгөө, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалт, шинэ нисэх буудалд үргэлжилж буй ажлын явц, менежментийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд танилцуулав.

Гишүүний асуулгын хариуг өгсөн салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат,  нар Зам, тээврийн хөгжлийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Эцэст нь асуулга тавьсан Б.Энх-Амгалан гишүүн үг хэлсэн.

Зургаан хоолойтой, 108.8 мянган мкв бүхий агаарын хөлгийн зогсоолтой энэ бүтээн байгуулалтын 247 сая ам.долларын өртгийг гурав дахин нэмэгдүүлсэн, эцэст нь чанарын асуудал яригдаж байгаад анхаарал хандуулж эрсдлийн аудит оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ. Түүнчлэн монголын тал зээл авч барьж, зээлийг төлж байгаа атлаа менежментийг японы талын 51 хувь, монголын талын 49 хувийн эзэмшил бүхий хамтарсан хуулийн этгээд байгуулах  асуудлыг нягтлах,  “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цаашдын ашиглалт, “МИАТ”-ын үйл ажиллагаатай холбоотой тодорхой саналуудыг хэлсэн юм.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тавьсан асуулгын хариуг сонсов  
Үзсэн: 2158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй