
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2018.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.
Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Үг хэлсэн гишүүд энэ тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй агуулга нэг гэдгийг тэмдэглэж байв. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нааштай үзүүлэлттэй байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан.
Ингээд Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.