Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2018-04-30 07:04:17
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири, Парламентын даргын хувийн нарийн бичиг Браян Прунти, БНХАУ дахь Ирландын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Шэйн Раян болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.

 

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах юм.

Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.


Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Улаанбаатарт хүрэлцэн ирлээ   
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй