
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, мэдээллийн технологийн дэвшлийг төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ. Цаг хугацааны хувьд 1 жилийн дотор багтаан бодлого, чиглэлээ тодорхойлж оруулж ирэх боломжтой, цаашдаа Улсын Их Хурал, Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан бүтэц бий болгох шаардлага гарч ч магадгүй юм гэдгийг хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурлын бүтцэд цахим бодлогын Түр хорооо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа, гэхдээ хийх ажлын хүрээг нь маш тодорхой болгохгүй бол хэт ерөнхий байгааг анхаарах шаадлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Түр хорооны ажиллах хугацааг заахгүй нээлттэй үлдээх нь зөв, харин хэрэгжүүлэх тодорхой зорилтыг нь зааж өгөх нь чухал. Гол нь төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай, олон нийтэд хүртээмжтэй болгох хүрээнд цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж аюулгүй байдлыг цогцоор нь авч үзэх, цахим хэрэглээний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны талаарх төслийг боловсруулах, цахим банк, цахим төлбөрийн системийн аюулгүй байдлыг төрөөс яаж анхаарч зохицуулах, мэргэшсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, нөөцийг татах, давтан сургах зэрэг асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахыг дэмжсэн юм.
Санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.