
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.03) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар эхлэв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн байна. Тус тогтоолд, “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, …”, “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэж заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар үзэж холбогдох дүгнэлт гаргажээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг батлахаар санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байсан юм.
Гааль, НӨАТ-аа төлсөн мод, модон материал импортлогч аж ахуйн нэгжүүд татвараа буцаан авах нөхцөл бүрдлээ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.