
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан А.Ундраа, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд улмаар УИХ-ын даргын нэр дээр гишүүд хүсэлт ирүүлсэн тухай М.Энхболд дарга энэ үеэр онцлов. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоог 13-19 байх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ Түр хороонд орох хүсэлт ирүүлсэн гишүүдийн тоо 20 гаруй байгаа тул намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байна гэж байлаа. Ингээд тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавхи бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
“Цахим бодлогын түр хороо”-ны гишүүдийг намын бүлгээрээ хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.