
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг баталжээ. 2004 оноос үйлчилж эхэлсэн уг гэрээн одоогоор нийт 144 орон нэгдээд байгаа юм байна. Гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс тэжээлийн шинэ таримал, түүнийг сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дэргэдэх сангийн хөрөнгөөс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах бололцоо бий болох аж. Ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын нийгэмлэг болон бусад донор байгууллагын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэх талаар Д.Цогтбаатар сайд танилцууллаа. Байнгын хороо тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд манай оронд мал аж ахуй голлодог онцлогтой тул гэрээнд нэгдэн орсноор бэлчээрийн ургамлын генетикийн өөрчлөлтийн чиглэлээр судалгаа явуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо бүрдэх эсэхийг тодруулж байв. Мөн манай улсын хөдөө аж ахуйн салбарын судалгааны шинжилгээний байгууллагын тогтолцоог бэхжүүлж, чадавхижуулах, бодлогоор дэмжих, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлээр холбогдох яамд ажиллах зэрэг саналыг хэлсэн.
Монгол Улсын хэмжээнд ургамлын генетик нөөцийн судалгааны талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд бүрдүүлсэн 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг. Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг гэлээ. Гэрээнд нэгдэн орсноор судалгаанд дэвшилт гарах, олон улсын хамтын ажиллагаа эрчимжих боломжтой бөгөөд өөрийн санд байгаа мэдээлээ гишүүн орны судалгааны байгууллагад хуваалцах үүрэг хүлээнэ гэдгийг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгч Т.Атарсайхан хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.