
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаан 10 цаг 05 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав.
УИХ 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн “Монгол УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдээ тавдугаар сарын 03-ны өдөр татан авчээ. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгаж эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалт явуулав.
Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ.
Ийнхүү шийдвэрлэснээр оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх тогтолцоо бэхжиж байгаа юм байна.
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.