
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшингээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, санхүүгийн салбарын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээг Үндсэн чиглэлд тусгасан байна. Эдийн засгийн салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар өсөхөөр байгаа аж.
Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйн чанарыг сайжруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих, зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг төсөлд тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 1629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.