Шууд Chart

Байнгын хорооны тогтоолыг баталлаа

2018-05-15 15:40:04

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаатай танилцан, багш, ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

Ажлын хэсгийн тайланг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан.

Монгол Улсын Консерватори нь 1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд 1996-2017 он хүртэл Хөгжим бүжгийн коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. 2017 оны 07 дугаар сард Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу Хөгжим бүжгийн коллежийг ангилал ахиулж, Консерватори болгосон байна.

Консерватори 2017-2018 оны хичээлийн жилд үндсэн 179, гэрээт 43, цагийн 46 багш, захиргаа, аж ахуйн 68 ажилтантай, 12 мэргэжлийн тэнхимд 1-9 дүгээр ангид 229, 10-12 дугаар анги буюу коллежид 242, бакалаврт 544, нийт 1029 оюутан, сурагчид мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, үлээвэр цохивор, бүжиг, цирк, хөгжмийн ухаан, дуулаачийн мэргэжлээр суралцаж байгаа аж.

Тус Консерваторийн үйл ажиллагаатай Ажлын хэсгийн гишүүд танилцаад, боловсролын чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд тус сургуулийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асууж тодруулж, үг хэлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолд Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийг бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй их сургууль болгох бэлтгэлийг үе шаттайгаар ханган ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Түүнчлэн сургалтын орчны материаллаг бааз /хөгжмийн зэмсэг, номын сан, лингафоны кабинет зэрэг/-ыг бэхжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц болон гадаад зээл тусламжийн эх үүсвэрээс жил бүр зохицуулж шат дараалалтай санхүүжүүлэх, сургуулийн хичээлийн зориулалтын барилга, байгууламжийн засвар үйлчилгээ, циркийн сургуулийн болон оюутны дотуур байр барих, сургалтын тоног төхөөрөмжийг сажруулах хөрөнгө оруулалтыг жил бүр үе шаттай төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Байнгын хорооны тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй