
УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр дараахь ажлуудыг хийжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах долоон чиглэлийн 146 арга хэмжээг, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэлдээ дурдсан.
Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан хуулиудын зохицуулалтыг нийцүүлэх, 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.
Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд 14 зөрчил, 3 хийдэл илэрчээ. Тиймээс эдгээр нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангасан байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, стандарт, стратеги төлөвлөгөө, жишиг үнэ, тоо тогтоох акт, технологийн карт, аргачлал зэрэг нийт 44 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлах арга хэмжээг хэрэгжүүлж буй аж.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах журам заавруудын төслийг мөн боловсруулан хэлэлцүүлж байгаа гэлээ. Хуулиудыг олон нийтэд сурталчах зорилгоор эмхэтгэн хэвлүүлж 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын харьяа байгууллагуудад хүргэж, хууль сурталчлах арга хэмжээнд 3000 гаруй мэргэжилтэн, малчдыг оролцуулсан байна.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн хийх, тууварлах зэрэг асуудлыг тусгасан хуулиудын талаарх мэдээллийг малчдад, мэргэжилтнүүдэд сайн хүргэж ажиллахыг салбарын яамныханд захилаа.
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.