Шууд Chart

Ш.Солонгыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2018-05-24 16:06:50

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ нэр дэвшигч Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү гаргасан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдаанд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг санал нэгтэй дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.

Үргэлжлүүлээд Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ.

Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажилласан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төрийн албанд 34 жил ажиллахдаа зарчимч чанар гэж юу болох, төрийн албанд хэрхэн шударгаар ажиллахыг Ш.Солонго өөрийн биеэр харуулсан хэмээгээд Үндсэн хуулиа хатуу барьж ажиллах уур амьсгалыг цэцийн танхимд бүрдүүлж ажиллаж чадах хүн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.


Ш.Солонгыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй