
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээн тодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана", мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ" гэж заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл юм.
Харин практик хэрэгцээ, шаардлагын хувьд Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Ж.Энхбаяр нар ажлын хэсэг батлан хамгаалах, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулах, хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхийлгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн саналыг авч тусгах, төрийн захиргааны, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, хариуцан гүйцэтгэх үйл ажиллагаа, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, орон нйтгийн хамгаалалтад бэлтгэх, хэрэгжүүлэхэд салбаруудын харилцан ажиллагаа, уялдааны асуудлыг тодорхой тусгах зэрэг саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан хэлэлцүүлэг эхлэх үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авч хуулийн төсөлд тусган оруулж ирэх нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн хэмээгээд үүнтэй холбогдуулан тус бүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөнм эдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр мөн хойшлууллаа.
Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж заасан нь дайчилгаатай холбоотой суурь зохицуулалт юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийгМонгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулахдаа хэлсэн.
Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгсөн. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үззж байгаа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 18-ны өдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ үеэр УИХ-9ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн үг хэллэг, найруулга, хуулийн давхардал зэргийг засах, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, хуулийн төслүүдийг багцаар нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 330 сумдад биеийн тамирын арга зүйчийг цэргийн бэлтгэл офицертэй хамтатгаж, давхар үүрэгтэйгээр томилох боломжийг судлах, баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг саналуудыг тус тус гаргасан гэж УИХ-ын гишүүн А.Ундраа тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа онцолсон юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан учир ийнхүү хэлэлцүүлгийг хойшлууллаа.
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.