
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хороо 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолд бүрэн тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Тогтоолын төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн өмчийн талаархи бодлого боловсруулан хэрэгжүүлэх, удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах үйл ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх, Их эзэн Чингис хааны өмнөх болон дараахь үеийн түүх археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажиллагааг хангах, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох, Серьеэгийн эмнэлгийн барилга шинээр барих, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төсвийн оюутнуудад 70 мянган төгрөг олгох зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулан чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу “Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц, хувиар” гэсэн шалгуур үзүүлэлтийг төслийн хавсралтад нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ирэх онд хэд хэдэн төрийн өмчит компанийг хувьчлахаар туссан юм байна. Хувьчлалаас орж ирэх мөнгө ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан уу хэмээн лавласан.
Хувьчлалын асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-аас шийдвэр гарсны дараа хувьчлалаас орж ирэх мөнгөн дүнг 2019 оны төсвийг хэлэлцэх үед тодорхой тусгана хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Эцэст нь гишүүдийн 82 хувийн саналаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.