
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.24) хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гишүүд 300 тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээ нэмж тусгасан байгааг онцлоод энэ асуудлыг 2019 оны төсөвтэй хэрхэн уялдуулах талаар тодруулж байв.
Үндсэн чиглэл бол бодлогын арга хэмжээг тусгадаг. Төсвийн хүрээний мэдэгдэл бол орлого, зарлагын ерөнхий төлвийг гаргадаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлээ үзэж байгаад 2019 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр нь нягталж үзнэ хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулж байлаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулж, Д.Оюунхорол гишүүн ахлахаар боллоо.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.