
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалттай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүдийн уулзалт арга хэмжээ, ажил алба давхацсанаас ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг ирц хангалттай үед явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу намын бүлэгт завсарлага өгсөн юм.
Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 41 нь буюу 87.2 хувь нь дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авчээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2019 онд 8.0 хувь, 2020, 2021 онуудад 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2019 онд 8,888.0 тэрбум төгрөг, 2020 онд 9,795.5 тэрбум төгрөг, 2021 онд 10,889.1 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2019 онд 10,993.8 тэрбум төгрөг, 2020 онд 11,475.6 тэрбум төгрөг, 2021 онд 11,945.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн алдагдлыг 2019 онд 2,105.8 тэрбум төгрөг, 2020 онд 1,680.1 тэрбум төгрөг, 2021 онд 1,056.4 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүнг 2019 онд 19,210.2 тэрбум төгрөг, 2020 онд 18,648.4 тэрбум төгрөг, 2021 онд 17,529.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлыг 2019 онд 677.9 тэрбум төгрөг, 2020 онд 722.0 тэрбум төгрөг, 2021 онд 768.9 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг баталлаа | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.