
2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болсон жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө.
46 орны 360 жүдоч (эрэгтэй 196, эмэгтэй 164) өрсөлдсөн Хөх хотын гран-при тэмцээнд олимпийн наадам, ДАШТ-ий медальт олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.
Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо.
Тэрбээр Бразил, Ираны бөхчүүдийг цэвэр ялж хагас шигшээд үлдээд байв. Улмаар Узбекистаны Олтивоев Бекмуродыг мөн гурван минутад цэвэр ялж, шигшээ барилдаанд шалгарсан юм. Энэ жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр ОХУ, БНСУ, Бразилын бөхчүүдийг ялан Н.Түвшинбаяртай барилдахаар болсон юм. Барилдаанд Н.Түвшинбаяр 1 минут 55 секундэд цэвэр ялалт байгуулсан. Ийнхүү Хөх хотын гран-при тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн бөхчүүд үнэмлэхүй амжилтыг үзүүлж, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр баг тамирчдынхаа амжилтыг ахиуллаа.
Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, залуу жүдоч Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртээд байлаа.
Энэ удаагийн Хөх хотод болсон жүдо бөхийн гран-при тэмцээнээс 17 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид долоон алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн бол БНСУ гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаар байрт жагслаа.
Энэ жил спортын холбоодуудын түүхэн олон ой тохиож байгаа. Тэр дундаа Н.Түвшинбаяр хүн төрөлхтний их наадам болох олимпийн наадмаас алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ойдоо Монгол түмэндээ дахин бэлэг барилаа. Тэрбээр одоогоос 10 жилийн өмнө “Бээжин 2008” олимпийн наадамд аваргын алтан медаль хүртсэн билээ.
Н.Түвшинбаяр Хөх хотын гран-при-д өнгөллөө | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.