Шууд Chart

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-05-29 14:53:40

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдэд нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаа чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох, дүүргийн төсвийг батлахдаа хүн амын тоо, нягтрал, эдийн засаг, нийгмийн цогцолборын онцлогийг харгалзан үзэх асуудлуудыг тусган боловсруулсан байна.

Түүнчлэн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн гадаадын жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой тохиолдолд буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлснээр Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хотын төвлөрлийг сааруулж, үйлдвэрүүдийг хотоос гаргахыг дэмжиж байгаа ч дагуул хот, дэд төвүүд рүү нүүн үйл ажиллагаа явуулах болсон аж ахуйн нэгжүүдийг 10-20 жилээр татвараас чөлөөлснөөс улсын төсвийн орлогод нөлөөлөх сөрөг зүйл гарч болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нийслэлдээ арьс шир боловсруулж, барилгын материалаа үйлдвэрлээд байж байгаа улс Монголоос өөр байхгүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргах, нийслэл хотынхоо хэт төвлөрлийг сааруулахын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй. Ингэж байж дагуул хот, дэд төв, хөдөө орон нутагт ажлын байр бий болж, хөгжих учиртай хэмээсэн.

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд татварын хөнгөлөлттэй холбоотой хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй