
Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
НҮБ-ын Ерөнхий ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжжэнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна.
Ийм Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн байдаг, тэдгээр иргэдийн хэдэн хувь нь төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгааг тодруулж байлаа. Мөн шинээр байгуулах агентлаг байгуулснаар ямар дэвшил гарах, ямар бүтэц орон тоотой ажиллах талаар лавласан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлснээр 2017 оны байдлаар 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийн 48 хувь нь төрөлхийн, 52 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй аж.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, тэдний эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжил олгох, хиймэл эрхтэн үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд тус төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нэмэлт орон тоо шаардахгүйгээр тус агентлаг ажиллах бөгөөд олон улсын конвенци, хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.