Шууд Chart

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

2018-05-31 10:35:51

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж, төвлөрөлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолсон.

Иймд төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн “Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө хэмээн нэмж тусгажээ.

Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухай шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилж, чөлөөлнө гэсэн хэсэг мөн хуульд нэмэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 1654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй