Шууд Chart

Чикогогийн тэмдэглэл

2013-12-27 10:42:20

Тэртээ доор Чикого гол хөхөлбий өнгөөр тунаран урсана. Хотыг энэ голын нэрээр нэрлэжээ. Тэнгэр шорлосон өндөр барилгуудын зайцаар Мичиган нуур нэг харахад хөх, нөгөө харахад цэнхэр, ахиулан харахад хул шаргал өнгөөр   солонгорон үзэгдэнэ. Мичиган нуурын нэр нээг их танил дотно бодогдоод байсны учрыг сүүлд Чикого хотод байх   Эрнест Хемингуэй зохиолчийн гэр музейгээр зочлохдоо олов шүү. Түүний зохиолд энэ нуурын нэр олонтаа гардагсан билээ. Тэгэхнээ нь аргагүй юмсанж. “Өвгөн тэнгис хоёр” -ын зохиогч,нобелийн шагналт энэ эрхэм Чикагогийн баруун дүүрэг Оакпаркт буюу Мичиган нуурын эрэгт төржээ. Эмч, гөрөөч аав нь түүнийг бага жаахан байхаас нь ан гөрөөнд дагуулж буу шийдэм бариулж өсгөсөн ч насан туршаа гартаа барьсан зэвсэг нь үзэг байчухуй. Түүний нэгийг шилэн хоргонд байхыг нь харжээ зогсохдоо яг энэ үзгээр л “...Номд гарч буй зүйлс үнэн хэрэгтээ... өөрт чинь тохиолдсон юм шиг санагдах бөгөөд бахдал гуниг, хагацал зовлон,хүмүүс хийгээд газар орон, тэрчбайтугай цаг агаар нь хүртэл сэтгэлд үүрдээр хоногшин үлддэг. Хэрэв та энэ бүхнийг хүмүүст үнэхээр хүргэж чадсан бол зохиолч мөн...” гэж бичиж байсан байх хэмээн таамаглав. Учир нь үзэгний доорхи тайлбар дотор 1934 он гэсэн цифр дурайж байсан билээ. Пунцагийн Бадарч абугайд  энэ тухай хэлбэл сүйдтэй зөвшөөрсөнгүй ч бас няцаасангүй болой. Бид хоёр Чикого хотын  үзэсгэлэнт хороололын   бас нэгэн онцгой содон, өвөрмөц барилга болох “цэцгэн” байшингийн 26 давхарт хэд хоног амьдарч билээ. Орой үдэш тагтан дээрээ гарч шөнийн Чикогогийн үзэсгэлэнг бахдаж, өдөр нь Чикого гол дээгүүр хэд гурваараа хөвөх аялал жуулчлалын зориулалт бүхий усан онгоцыг харж, ийм том хот атлаа гудамж замын хөдөлгөөнийх нь сийргийг нь гайхшран ярилцдагсан. Баячуудын хороолол дахь энэ тансаг ордонд бид хоёрыг байрлуулах гэж   90-ээд оныхоны нэгэн содон яруу найрагч Хулганайн Тэргэл ирэхээс минь хэд хоногийн өмнөөс л сэтгэл гарган хөөцөлдөж хэдэн ч доллар төлсөн юм, тав хоног тав тухтай тарвалзуулсан билээ. Тийнхүү байхдаа өглөө оройдоо хийдэг миний хамгийн дуртай ажил бол Бадарч найрагчийн  нурууг хурц үзүүртэй самаар улайтал маажиж өгөх байдагсан...Зөв, уухай гэм, жаахан дээшээ, одоо яг болж байна гэх уулгалал дунд нурууг нь маажжээ зогсохдоо аавынхаа тухай өөрийн эрхгүй уяранхан боддогсон. Бадарч найрагч туулайтай гэдэгсэн бил үү, аав минь 1933 оны тахиатай, тэгэхээр 5 ах юм байна, байвал байж л байх нас байж, даанч эрт хорвоог орхиждээ, одоо муу хүү нь хэдийнээ өөрөөс нь ах болчихсон байна шүү дээ, бага байхад хаа нэг нуруугаа маажуулдагсан...Бодлын мөнгөн хараацай Чикогогийн тэнгэр баганадсан байшин дотроос нисэн гарч дүүлсээр Баян-Овооны минь тормон бор толгод,миний хүйн тоонот “Голын дээд цагаан хадны хаваржаа” , аавын минь ан гөрөөний нутаг “Асгамба”, “Хойлогтын таг”, “Хээрийн өвөр”-ийн зүг дүүлэн одох бүлгээ. 

          Ирсний минь нөгөөдөр нь ч билүү, Чикого голын гүүрэн дээр туг далбаа, хиур дарцаг намирч, дуут машин сүлжилдэж, олон мянган хүн зон цугларч, үдшийн тэнгэрт өнгө өнгийн салют янз бүрийн дүрс үүсгэн цацрахыг харж “нэг л том үйл явдал боллоо доо...” гэлцэж суусан билээ. Тэгэхнээ нь АНУ-ын ерөнхийлэгчийн сонгуульд хоёр дахь ялалтаа баттай авсан одоогийн ерөнхийлэгч Барак Обама ялалтынхаа анхны мэдэгдлийг хийж баяраа тэмдэглэж байсан нь тэр аж. Арга ч үгүй юм байж, Чикого хот бол түүний төрөлх хот бөгөөд чухамхүү эндээс л улс төрийн карьерээ эхэлжээ. Гэр орон нь одоо ч энд гэнэм.Хотод нь байгаа улс байна,хоёулаа Барак Обомагийн ялалтыг тэмдэглэе, харин та нойрны эмээ уучихаагүй биз гэж би ардын зохиолчоо “явууллаа”. Тэр нь ийм учиртай юм.  
        .... Үдэш орондоо орчихсон хойно хаалга цохих дуулдав, гүйж очоод хэн бэ? гэвэл хэн ч дуугарсангүй. Буцаж ирээд хэвтэв. Дахиад л цохилоо. Би босох гэтэл Бадарч ах хэлж байна. Манайхан байвал өөрснөө онгойлгоод л ороод ирнэ. Хүний газар болгоомжтой байсан нь дээр гэв. Тэгтэл ахиад л хаалга цохилоо. Босохоос өөр яах вэ? Хаалгаа болгоомжтойёо нээвэл Д. Энхболд ,Д. Бишүүгарам хоёр маань дуу шуу болсоор орж ирэв. Энэ үед Бадарч найрагч намайг аашлах нь тэр шүү. -Анх цохиход нь онгойлгохгүй яасан моньд вэ?, би нойрны эмээ уучихлаа шүү дээ гэв. Үнэхээр ч Бадарч найрагч маань бид гуравын халуун дотно ярианд оролцож “GREY GOOSE” –оос хүртэлцэж чадалгүй тэр дороо л “давсанд явсан” билээ л...Түүнээс хойш бидний дунд “нойрны эмээ уучихаагүй биз” гэсэн хэлц үг бий болсонсон. Хожим нь Б.Галсансүхийн тухай мөртүүд нэмэгдсэн нь иймсэн.
                 Галсансүх найрагчийн
                 Чинон-бөртэ нүд
                 Чикого бүсгүйн хөхнөө
                 Чинжаал мэтү “зоогдоход”
                 Үнэдэйн хүрэл  нутагт
                 Үдэш сая эхэлмой ... Бас залуу шүлэгч Пүрэвсүрэнд зориулан “Улаан торгон өмдөөрөө хичнээн ч өдөр гоёв доо, Учрал дуудсан буудалдаа хэдэн ч шөнө хонов доо ...” хэмээн дуулалддагсан.Залуухан эхнэр нь ичингүйрэнхэн, өмдөө очоод сольчихгүй яасан юм гэж зэмлэн духайдагсан, бид ч гэж бид...Дээр нь миний америк нүдний шил авсан паян ч бас нэмэгдэнэ. Тийнхүү   өөр зуураа зохиолч нөхдийнхээ хөгжилтэй явдлыг  хөөрөлдөж, Лос-Анжелес зорьсон модернист найрагч Б.Галсансүх, нөхрийн хамт Деневэр явсан МЗЭ-ийн дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг нарыг хүлээнхэн 11-р сарын 10-ны өдрийг тосон тоолж суувай. Энэ зуур миний залуу насны гэрэлт анд, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд биднийг нэг ч хоног орхиогүй болой. Тэрбээр өдөр нь явж “Уран үгсийн чуулган.Чикого-2012” наадмынхаа бэлтгэл ажлыг базаан шалгаж, дутуу хүтүүг гүйцээхээр “ликсус-570” машинаа унан, энэ наадмын гүйцэтгэгч менежер, эхнэр Эрдэнэбаяраа суулган яаран одох   амой. Америкт суугаа Монголчууд 2011 оноос эхлэн “Уран үгсийн чуулган” наадмыг зохион байгуулж эхэлжээ. Наадмыг анхлан санаачлагч нь Дэнэвер дэх Монголчууд аж. Хоёр дахийг нь хийх хариуцлагатай үүргийг зохиолч Д. Энхболд өөртөө авчээ. Их ч ажил ундарч. Бүтэн жил л наануу цаануу, сайн уу байна уу болсон хэрэг. Надтай л гэхэд 6 сараас хойш хичнээн ч удаа ярьсан гэх вэ? Уран үгсийн чуулганд унших зохиол бүтээлийг сонгох, явуулах байр орон олох, урилга заллага хэвлүүлэх, наадамд морилогчдын буудал суудлыг зохицуулах, “Уран үгсийн чуулган”-д Монголоос ирэгчдийн албан ёсны урилгыг гаргуулах, за тэгээд наадамд оролцогч уран уншигчдад гардуулах диплом шагналыг багцлах, ивээн тэтгэгч олох гээд л аль бүхнийг тоочилтой вэ? Баярлалтай нь, Чикогод суугаа монголчууд нь элгэн халуунаар дэмжжээ. Ерөөс тэрбээр ямар нэг ажлыг төлөвлөж гэмээ нь заавал ард нь гарч байж, гарах гарахдаа нэр төртэйгээр гарч байж санаа нь амардагийг хар нялхаасаа үерхсэний хувьд мэдэлгүй яах вэ? Зохиол бүтээлээс нь ч энэ нандин чанар нь нэвт гэрэлтдэг билээ. Тэгээд ч түүний гараас муу бүтээл хэзээ ч гардаггүй юм. Бичсэн бүтээл   бүхэн нь алдаршдаг тийм зохиолч олон уу? “Шар хөвийн дөрөлж”, “Хорчин” тэргүүт өгүүллэгүүд, “Соёо”, “Паанан” тууж, “Казиног номхотгосон түүх” романуудыг сана л даа. Анд минь, Америкт ч уран бүтээлийн олз омог арвинтай явна. “ 13-р зуун”,”Төгөлдөр”, “Гурван тэсээс –Чикого хүртэл...” зэрэг романуудаа хэдий нь гараасаа гаргажээ. Бас хэд хэдэн тууж бичжээ. Өгүүллэгүүд бол хэдэн арваараа. Д.Энхболд бол 80-аад оныхоны магнайд гялалзагч цөөхөн авьяастнуудын нэгэн гарцаагүй мөөн. Америкт ирсэн явдал түүний нүдийг нээсэн төдийгүй, авьяас билгийнх нь царааг тэлжээ. Яриа хөөрөө, бодол санааных нь далайцаас энэ бүхэн мэдрэгдэнэ. Анд нь хаана хүрнэв, тэнд нөхөд нь очдог ажээ. Басхүү нэгэнтээ Бямбажавын Хүрэлбаатар найрагч “Нэг уяаны морьд нэгнээ дагаж давхидаг” хэмээсэн нь бий. Түүнлүгээ Энхболд андынхаа зам мөрийг даганхан Америк хэмээх эрх чөлөөний оронд ирэв шүү. Түүний зохион байгуулж байгаа “Уран үгсийн чуулган. Чикого- 2012 “ наадамд нөхдийн хамт уригдвай. Чикогод өнгөрөөсөн цөөн бүл хоногууд чиний тухай дуртгалыг улмаан зузаалав, аль бүхнийг энэ тэмдэглэлд шигтгэлтэй билээ, шууд   2012.11.10-ны өдрийн шунхан туяат өглөөтэй золгосугай. Пунцагийн Бадарч найрагч улаан дээлээрээ гангарав. Хил дээр чухам л Монголоороо гоёно гэгч болсон билээ л,тэр тухай би таталбар тэрлэсэн нь ч бий.    
  
      Ардын найрагч Бадарч
      Америкийн хил дээр зогсоно,
      Үзэсгэлэнт бүсгүйн асуултанд
      Үг унагалгүй хариулна
      Англиар хэд гурван үг
      Амнаасаа нисгэв үү, гэтэл
     “ Адуу”, “Тэмээ”, “Есөн эрдэнийн орон” ...
      Аялгуут үгс сонсогдоно,
      Хилийн байцаагч инээмсэглэн
      Нэвтрэх тийз дарна
      Хэн хүнд сонсогдохоор
     “ Come in please…” гэнэ           
     Өөрийн хэлтэйгээ байхад
     Бусдын хил онгорхой л,
     Өмөг төгөлдөр Монгол минь
     Зүрхэн гүнд тодорхой л
     Улаан дээл улсхийнэ
     Цагаан толгой цальсхийнэ
     Ардын найрагч Бадарч
     Америкийн хил алхана
      2012. 11. 05.
                Би-вээр зангиа цамц, хос костюмаа өмслөө. Наран тунгалаг тодоор мишээмой. Эндхийн тэнгэр миний Монголынх шиг цэв цэнхэр, үүлсийнх нь цэцэгрэх хүртэл адилханыг яах вэ? Тэгээд л энэ нутагт та нар минь дуртай байдаг ч юм билүү. Энэ мужид 5000 орчим монголчууд амьдран суух бүлгээ. Хонгор нутгийн хүү Д.Бишүүгарам, ангир багын анд Энхболд нарын унаа биднийг хүлээнэм билээ. Баринтагт номуудаа авлаа. Учир нь энэ өдөр Чикогогийн монголчуудад зориулсан “ номын сан”-гийн нээлт болох учиртай. Гол санаачлагчид нь Калифорны Их Сургуульд бизнесийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан Дуламжавын Бишүүгарам, мөн    Лос Анжелес хотноо “Монгол номын сан”-г санаачлагчдын нэгэн сэтгүүлч Д. Уранзул,зохиолч Д.Энхболдын гэргий Эрдэнэбаяр нар билээ л...Чикого хотын Монгол номын сангийн нээлт Б. Мөнхбат, Л.Сувдмаа нарын “Монгол зоог” хоолны газар боллоо. Бид номын дээжээ өргөн барьж шүлэг зохиолоо уншицгаасан бөгөөд бидний сэтгэлийн хөг дээр яруу найрагч Ө.Пүрэвсүрэн,нийтлэлч Г.Галбадрах,ЮМОН телевизийн сэтгүүлч Б. Уранчимэг, Адилзаяа    нар сэтгэлийн үгсээ өргөн,ая дан нэмж, нээлтийн ажилллагааг улам ч яруу тунгалаг болговай. “Монгол номын сан”- гийн үйлчилгээг Америкт суугаа монголчууд даяарт хүргэх буянт гэгээн үйлсэд энэ гэр бүлийнхэн нэгэнт сэтгэл шуудран оров. Номын цагаан буян хуртугай.
         Орой нь   “Уран үгсийн чуулган”-ыг нээж зохиолч Д.Энхболд,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар үг хэлэв. Хоёр дахь удаагаа болж байгаа энэ наадам өмнөхөөсөө улам өргөн дэлгэр болж байгааг үг хэлэгчид онцлон тэмдэглэв. Уралдаанд оролцохоор Лос Анжелесоос Ё.Сосорбарам, Дэнвэрээс Н.Эрдэнэбат, Б.Амгаланбаяр, Ш.Байгалмаа, Б.Баярмаа, Б.Намуунбайгал, П.Энхээ, Ц.Энхболд, Ч.Өнөрцэцэг, Ц.Нарангэрэл Сеатлаас Ч.Нарангэрэл, нийслэл Вашингтоноос М.Нямсүрэн, Чикагогоос С.Сугар, М.Пүрэвбадам, Н.Энхээ, Б.Энхдулам, Б.Хандмаа, Б.Нарангэрэл нар хүрэлцэн ирчухуй. Тэд нэгийн даваанд шүлгээр, хоёрын даваанд өгүүллэгээр, гурвын даваанд өөрсдийн бэлтгэсэн уран уншлагаар оролцох журамтай бүлгээ. Наадмын ерөнхий шүүгчээр томилогдсон зохиолч Д.Энхболд, дагалдан шүүгч МУГЖ Д.Жагдаг бид гурав бичил хуралдаан зохион байгуулж чин шударгаар шүүх тангараг өөр зуураа тавилцав.
       Монголчууд бидний мэдэх алдартай өгүүллэг шүлгүүд уянгалж, гол баатрынхаа дүр төрхөнд орсон “жүжигчид”-ийн уран уншилт сэтгэлийн минь голыг нэг үерлүүлж, нэг татруулах бөгөөд мөнөөх голын долгис ,цалгис нулимс болон урсч нэг мэлмэрч, татарч нэг шингэх бүлгээ. Авьяаслаг зохиолч асан Ж.Дашзэвэгийн   “Цэцэг нялхарсан зун” –г сонсоод өөрийн эрхгүй мэгшив, би. Аяа,юу ч гэхэв дээ, амьд ахуйд нь бид хэрхэн чиг хайрласан билээ дээ. Тэмцээнд оролцогчдын оноо хэдэнтээ тэнцэв. Хамгийн шударга шийдвэр бол гурван давааны оноогоор байр эзлүүлэх байлаа. Ийнхүү тэргүүн байрыг Лос Анжелесоос  ирсэн оюутан Ё.Сосорбарам хүртвэй. Хоёрдугаар байрыг Чикагогийн С.Сугар, удаах байруудыг   Дэнвэрийн Н.Эрдэнэбат, Б.Намуунбайгал нар эзэлсэн болой.   Шагнал гардуулагсад хүндэтгэлийн тайзнаа гарч ирэв. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Тулга” шагналаа тэвэрч, түүний араас Пирамид компанийн захирал М.Дэлгэрцогт, эмч-зохиолч А.Өлзийбаяр , энэ наадмыг зохион байгуулагч зохиолч Д.Энхболд, гэргий Эрдэнэбаярынхаа хамт, мөн Лос Анжелесийн Монгол номын Сан, Дэнвэрийн Монголчуудын “Тулга” клуб, Органаголд компанийн төлөөлөгчид өөр өөрийн нэрэмжит шагналаа гардуулахаар эгнэн зогсчухуй. Хором тутамд алга ташилт нижигнэнхэн,шагнагсадын цуваа хөвөрч , энд ч гэрэл гялсхийж, тэнд ч халуун дотно баяр хүргэлт үргэлжилсээр авай.
 
 
2.
     ...Мичиган нуурын тунгалаг толионоо нарны туяа зурваслан сацарнам. Бид нуурын эргээр аялж яваа билээ л...Дуламжавын Бишүүгарамын сайхан дуу хоолой чихэн дээр зөв эеврүү өнгөөр хүнгэнэх ажу. Радиогийн сэтгүүлчийн мэргэжлийн “өвчин” л дөө, ёстой л нэвтрүүлэгч баймаар хоолой байна гэж бодогдох аж.  Тэрбээр энэ өдрийн аяллын хөтөч болой. Чикого хотын байшин барилга, зам гүүр, булан тохой бүрийг нэг бүрчлэн тайлбарлан таниулах нь бахархал төрүүлнэ. Хэдийдээ ийнхүү мэддэг болчихдог байнам бэ? Түүний “Лос Анжелесийн тэмдэглэл” номыг эх орондоо уншаад ихэд бахадсансан . Тэр номонд тус хотын үүх түүх, хүмүүсийнх нь амьдралын хэм хэмнэл, хөгжил дэвшил, “HOLLYWOOD” тэргүүт цуутай дүүргүүдийнх нь өнгө төрх, тэнд амьдран буй Монголчуудын аж төрөл, цадиг намтрыг тун сонирхолтойгоор нүдэнд харагдаж, сэтгэлд тэмтрэгдэм бичсэн байж билээ. Тийнхүү “ЧИКОГОГИЙН ТЭМДЭГЛЭЛ” ном нь одоо нэгэнт сэтгэлд нь бүрэлдэн бий болсныг   мэдлэг мэдээлэлийн шүншигтэй уран тод тайлбараас нь зөгнөнхөн мэдэж авав. Ийм нэртэй ном гарчихсан байхад гайхаад байх явдалгүй аж. Залуугийн л аливаад нухацтайсан. Түүнтэй би анх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг Хөх бүрдний цэнхэр дэнж дээр уулзсансан...10-р анги төгссөн залуухан багийн засаг дарга ажил төрлөө хэрсүү тодоор танилцуулж билээ. Сумын засаг дарга нь надад шүлэг бичдэг юм гэж танилцуулж, ичингүйрч догдолсон хүү зузаан дэвтэр дүүрэн шүлэг надад үзүүлж билээ. Залуу багийн засаг даргын радиогийн сурвалжлагыг уран тод санаа бүхий хөдөөгийн агаар мэт тунгалаг мэдрэмжтэй шүлгүүд дагалдсан нь хориод жилийн өмнөсөн. Хожим нь “Түшээ” дээд сургуулийг улаан дипломтой төгссөн залуу хүү аудитын ирээдүйтэй мэргэжилтэн гэгдэн хэлтсийн даргын албыг хашиж байхтай нь таарсан юм. Тэр үед Б.Бишүүгарам МУИС-ийг хуульч мэргэжилээр төгсөөд байв. Тэгтэл хонгор нутгийнхаа хүүтэй алс хол               Америк нутагт,Чикого хотын тэнгэр дор учирдаг байна шүү. Калифорны Олон Улсын их Сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалсан идэр залуу дүү минь, чи одоо л эх орондоо хэрэгтэй байнам даа. Мэдлэг мэргэжил, чадвар чансаанд тохирсон ажлыг нь бэлдээд ийм залуусаа урин даллахсан...”Түшээ” дээд сургууль гэснээс энд МУИС –ийг хамтдаа төгссөн нэгэн андынхаа тухай зурвасхан ч атугай дурдмаар байна, түүний тухай хөрөг бичихсэн гэхээс хорхой аснам. Сүхбатын Бямбадорж хэмээгч тэмүүлэн тэмцэгч,зорьсон уулынхаа оройд тугаа мандуулагч анд минь боловсролын байгууллагад анхны хувийн сургууль үүсгэн байгуулагчийн нэгэн бөгөөд бодит үр дүн нь эдүгэгийн ”Түшээ” дээд сургууль мөн болой.Одоо тэрбээр Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн   Мэргэжил, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв байгуулан жишиг төв болгох зорилт тавин ажиллаж байна. Зорилго тавьж түүндээ хүрнэ гэдэг бол түүний амьдралын утга учир юм. Америкт уригдсаныг минь дуулаад онгоцны тийзний зардал шилжүүлсэн оюутан цагийн нөхөр Сүхбатын Бямбадорж , хонгор нутгийн яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүх хоёрынхаа буянаар л холын Америкт хөл тавьж энэхүү тэмдэглэлээ чийрлэн шаглаж суугаа минь магадтай үнэн билээ. Одоо Чикого хотдоо эргэн морилму.                                          
                 -За бид яруу найрагч Пунцагийн Бадарч ,Данзангийн Нямаа нарынхаа амьдран суугаа байшингийн өмнө ирээд байна гэж Бишүүгарам хэлэв. Автобус дүүрэн алга нижигнээд явчихлаа. Урт цагаан автобусанд “Уран угсийн чуулган. Чикого-2012” наадмын зочид болох 70 орчим хүн сууж яваа билээ. Автобусны цонхон цаана монголчуудын нэрлэснээр 2 цэцгэн байшин онцгой содоноор ялгарч харагдму. Нэгэн удаа эхнэрийн минь бага залуугийн найз Эрдэнэбаяр “боргоцой” барилга гэж хэлсэн нь тун оносон зүйрлэл байв. Дув дугуй хэлбэртэй цэцгийн дэлбээний хэлбэр гарган барьсан 65 давхар хоёр хос энэ барилгаа Чикогочууд өөрснөө “Marina city “ гэж нэрлэдэг. Зочид буудал, үзвэр үйлчигээний цогцолбор бүхий энэ өвөрмөц барилгыг архитекторч нь эрдэнэ шишийн хэлбэрээс санааг нь олсон гэдэг болой. 19 -р давхар хүртлээ   машины зогсоолд зориулагджээ. 900 машин багтдаг гэсэн шүү.   Өдөр машин тэрэг зогсчихсон байхыг нь харахад мөнөөх цэцгийн дэлбээн дотроос цухуйх өнгө алаг илтэс мэт үзэгдэх бүлгээ.Тэгээд ч энэ хос барилга Америк, Английн уран сайхны олон кино,нэрд гарсан хамтлаг, дуучдын цомог клипэд олонтаа орсон бөгөөд цогцолбор эзэмшигчид энэ бүхнээс овоохон ашиг олдог байна. Ерөөс Чикого хот бол дэлхийн өндөр барилгуудын дэг, сургуулийг бий болгосон, архитекторын шийдлийг нь өөр дээрээ туршин шийдвэрлэж гүйцээсэн хот аж. Тэнгэр цоройсон барилгуудын “загалмайлсан эцэг” хот гэнэм.
          Тийнхүү энэ хотод бид дэлхийн сая сая үзэгчдийн хайр талархлын эзэн , телевизийн ток шоуны хатан хаан Опрагийн студийн үүдэнд амсхийж, хүүгийнхээ шүтээн, сагсан бөмбөгийн алдарт тоглогч Майкл Жордоны хөшөөний дэргэд зурагаа татуулж явав л. Амьддаа хөшөө юугаа босгуулж, домог мэт амьдрал бүтээж яваа тэрбээр энэ хотын унаган хүү ажу. Чикого хот энэ мэт алдартнуудаараа төдийгүй, зам тээврийн сүлжээний томоохон зангилаа хот гэдгээрээ алдартай буюу. Америкийн баруун,зүүн эргийг холбосон хурдны 90 дүгээр зам, мөн л энэ улсын баруун,зүүн эрэг төдийгүй Канадыг холбосон төмөр зам, жилдээ 80 сая зорчигч эргэлддэг хоёр ч нисэх буудал  энд бий. O*Hare-д  нь бид газардсан бөгөөд бас хөөрөх билээ л...Энэ зуур   “Millennium park”-д ирчихлээ болоод явчихлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн цэнгэг агаарт хэсэгхэн зуурт саатаж, өнгө өнгийн цэцэг алагласан талбайд нь нүд билчээж , үзэсгэлэнт моддынх нь сэрчигнээг сонсож, усан оргилуурынх нь түсэргээнд сэрүүцэнхэн “Седнейн дуурийн театр”- ын багасгасан хувилбар болсон задгай теарт нь зочилж, “Chicago bean" нэрээр дэлхийд алдаршсан шидэт толиных нь дэргэд элдэв янзаар батиардан   хөгжилдөв. Тэнд угаасаа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс шавжээ. Энэ шидэт толийг гар утасны “AT&T” компанийн хандиваар босгожээ. Ерөөс “Millennium park” хотын төсөв хийгээд энэ хотод үйл ажиллагаа явуулдаг том том компанинуудын хандиваар л боссон байна. Нийслэлчүүд бид энэ мэтээс санаа авч, сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болохсон...  
 
 
3.
Аялалын цаг өндөрлөж, “Уран үгсийн чуулган.Чикого-2012” наадмын хоёр дахь үдшийн ажиллагаа эхлэвэй. Цагийн гурван зүү 19 дээр давхцав. Уншигч хийгээд яруу найрагчдын сэтгэлийн хэм ч давхцав. Энэ үдшийн яруу найргийн наадмын хөтлөгч яруу найрагч Хулганайн Тэргэл, Дуламжавын Бишүүгарам нарын дуу хоолойн “сапрон” хийгээд “ баритон” өнгө ч басхүү давхцав. Яруу найргийн үдэшлэг тийнхүү эхэллээ. Бадарч ах “Эхийн сэтгэл”-ээр уйлан гунганаж, Мөнхцэцэг найрагч “дагуулахдаа л дагуулна” гэж ганганаж , Галсансүх “Бурханд зөвлөгөө өгөн” хангинаж, би-вээр “Гурван улаан сарнай” тэвэрч дангинав. Деневэрийн найрагчид “дэвэрч”, Вашингтоноос ирсэн Лувсангийн Батбаяр “дэвхэрч” Лас-Вигасаас ирсэн бидний үеийн яруу найрагч Төмөрийн Дашбалдан иртэй хурц дайчин шүлгүүдээрээ “бөмбөр дэлдэв”. Дашбалдан гэснээс түүний бидэнд зориулж олон хувь угаалгаж ирсэн нэгэн зураг чухам ёстой л   “дуртгалын шувууд”-ыг сэтгэлийн тэнгэрт зэллүүлсэн билээ л...
               
                     ...Цэнддоо живэртэй байсан юм байхдаа,
                     Чинзориг ч хэзээний л “цэмцгэрхэн”-сэн
                     Гүрбазар яг л байраа олж суусан байна
                     Сүрэнжав гуай мөн ч идэрхэн байжээ...
                     Хулганайн Тэргэл энэ мөн гэж үү,
                     Худлаа байлгүй, он будилах гээд байна,
                     Наймдугаар ангид байхдаа л бидэнтэй
                     Найраг уншин үерхэж явсан байх нь ээ
                     Энхболдыг охид их эргүүлдэгсэн
                     Энэ зурган дээр ч бас хоёр охины дунд...
                     Нэг нь Булган, нөгөө нь Сумьяа...
                     Нэг их танил царай Түмэнбаяр мөн өө ...
                     Шилээ давсан үстэй нь Далхаагийн Норов
                     Шилэн цаанаас нь тормойх нь Бороохойн Батхүү
                     Чимиддорж анд минь Лхагвагаа дагуулчихаж...
                     Чи мөн залуухан байжээ, Нямаа.Дан минь...
                     Хүрэлбаатар ах, До.Цэнджав,Дашбалдан...
                     Хөх дээлтэй нь  дууны шүлэгч Дагвадорж  
                     Хүүхдийн зохиолч Давааням,Намжимын Очирбат
                     Хүүе, энэ чинь Уданбор байна шүү дээ...
                    
      Бид хэдэн талаас нь тонгойчихоод эвээ олж жигдрээгүй шүлгийн мөрүүд шиг харагддагсан...
      Тэр зуур үдэшлэг ид хүчээ авч  залуу шүлэгч Пүрэвсүрэн “Үүлэн домог” хүүрнэж, орчуулагч, яруу найрагч Ж. Оюунцэцэг “Түүнд би хайртай байсан...” хэмээн  уянгын дуртгал хэлхэж байсан билээ л... Найргийн завсарлага дундуур вальс эргэж, ёохор хатирч, эрт цагийн манго татаж, энэ үеийн ганнам стиль ч хийв шүү. Таван цаг гэдэг тавин минут шиг өнгөрчухуй. Харьцангуйн онол батлагдав. Үүрийн гэгээ бидний сэтгэлээс цайжээ. Өглөөн наран тод тунгалагаар мандав. Утсаа асаавал мессежний дуудлага ар араасаа жингэнэв. Ер нь л тэгдэг дээ.Тэрэн дунд гайхалтай нэгэн мессеж ирсэн байв. “...Та МУ-ын СГЗ боллоо. 11-р сарын 14-ний 11 цагт төрийн ордны ёслолын танхимд бэлэн бай...” Л.Цэрэн-Очир даргын утасны дугаар мөн аж.
 - Найзаа хө энийг унш даа. Би “гавьяат” болчихсон юм шиг байна...
 - Л.Цэрэн-Очир гэж хэн юм бэ? гэв.
 - Радиогийн шинэ  дарга.
 - Дарга хүн албатаараа ингэж тоглохгүй байлгүй. Баяр хүргэе. Энхболд намайг тэврээд авав. Тэр зуур Бадарч ах хажуу өрөөнөөс ороод ирэв. Бас л баяр хөөр болов. Үнсэж байна...
 -Өнөөдөр чинь хэдэн билээ
 -12
 -14-нд тэнд байх боломж байхгүй биз дээ. /Байх санаа мөн чиг их байв/
 -Байхгүй...
 Би хариу бичлээ. “...17-нд очноо, даргаа...” Сайхан мэдээ жигүүртэй байдаг аж. Чикогогийн Монголчууд тэр дороо л сонсоцгоожээ. Далавчит өдрүүд үргэлжлэв.Зарлигаа хамгийн түрүүнд “ЗАМДААН” сайтаас олж уншив. Америкийн монголчууд л зориуд тавьсан хэрэг. Тийнхүү Монголруугаа яарах билээ л...Дэлгүүр хоршоогоор орж  бэлэг сэлтхэн цуглуулав. Ардын найрагч Бадарч америкт цөөхөн байдаг морин эдлэлийн дэлгүүр сураглах бөгөөд түүнийг нь олж өгөх үүрэг Чикогод амьдран суугч Баярмагнайд оногдов.Тэрбээр утас, интернет ашигланхан тэр дороо л оллоо. Найрагч ах маань тэндээс алтан амгай, мөнгөн дөрөө авав. Түүний аялалын зардлыг даасан буянт эр болбоос морины хорхойтон төдийгүй алдартай уяач юмдаг уу даа. Тусч, нутагаа санамтгай Баярмагнай намайг бас олон дэлгүүрээр дагуулан явж, миний зээтэй чацуу юм байна гэж зээд минь хувцас сонгон авч өгсөнсөн... Буцаж явтал хот хоорондын ачааны том тэрэг данхалзан  зөрөв. Хаалган дээр нь ... Bill...Bilguun... гэсэн нэр харагдах шиг болов. Би дуу алдан манай Билгүүн, Нямбуугийн Билгүүн   байна гэвэл, ер анзаараагүй өнгөрсөндөө ч тэрүү, эсвэл намайг буруу зөрүү харсан биз ч гэж бодсон уу, Баярмагнай анд маань ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр   мөн байж болох л юм гэв. Би мөн дөө, мөн тэгж л уншигдсан гэвэл ийм том машинуудын хаалган дээр монгол нэрс олон бий гэв. Тракны жолоочийн ажлыг Америкт мэргэжил гэж үздэг аж. Ийм мэргэжилтэй  идэр, бадар олон монгол залуучууд трак хэмээх ачааны том  машин барьж Америкийг хөндлөн гулд дууланхан туулдаг аж. Аяа, зовхи нь өөдөө миний монголчуудаа гэж... 
 ...Маргааш нь бид нутаг буцахаар Чикогогийн нисэх онгоцны буудал дээр салж ядан тэврэлдэж билээ. Чикогогоос нисээд Инчоны нисэх буудал дээр буутал бас нэг үдэш алга болжээ. 16-ны шөнөжин ниссэн атал энд бас л 16-ны үдээс хойш буув. Тэндээсээ Premier буудалд очиж жигтэйхэн сайхан амарч хоноод бага үдэд нутаг зүг нисвэй. Гурван цагийн дараа Чингис хаан нисэх буудалд газардахаар Коррейн Эйр компанийн мөнгөн хөлөг доошилж ахуйд дэргэд суусан Галсансүх найрагч “... сайн байна уу, Улаанбаатар минь...” хэмээн догдлонгуйгаар аялав.Модернист найрагч Явуугийн дууг үнэн зүрхнээсээ дуулнам аа..Би ч даган аялалаа. Цаст цагаан толгод сүүн өнгөөр гялбалзах ажу. Эх орон минь таныгаа тэврье.
 
 
  
2012 . 11. 05- 11. 17. Улаанбаатар- Сөүл- Чикого.
 
Нийтэлсэн: Д.Нямаа

Чикогогийн тэмдэглэл   
Үзсэн: 7904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-01-16 18:04
Гуниг баяраа хаанаас авсан юм бол ... гээд сайхан шүлэгтэй ш дээ, Би өөрт нь олоон жилийн өмнө энэ шүлгийг нь Нямаа гуйд уншиж өгөхөд Радто дээр ирээд ном аваарай гэж билээ, Дан. Нямаад амжилт хүсье,,, Бас Гавьяат болсонд нь бас баяр хүргэж байна. Яг анирхан шувуу шиг бичдэг шүү, найрагч даа,,, 2-лаа дахиад таарнаа... ААК
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-01-16 18:04
Гуниг баяраа хаанаас авсан юм бол ... гээд сайхан шүлэгтэй ш дээ, Би өөрт нь олоон жилийн өмнө энэ шүлгийг нь Нямаа гуйд уншиж өгөхөд Радто дээр ирээд ном аваарай гэж билээ, Дан. Нямаад амжилт хүсье,,, Бас Гавьяат болсонд нь бас баяр хүргэж байна. Яг анирхан шувуу шиг бичдэг шүү, найрагч даа,,, 2-лаа дахиад таарнаа... ААК
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-01-16 18:04
Гуниг баяраа хаанаас авсан юм бол ... гээд сайхан шүлэгтэй ш дээ, Би өөрт нь олоон жилийн өмнө энэ шүлгийг нь Нямаа гуйд уншиж өгөхөд Радто дээр ирээд ном аваарай гэж билээ, Дан. Нямаад амжилт хүсье,,, Бас Гавьяат болсонд нь бас баяр хүргэж байна. Яг анирхан шувуу шиг бичдэг шүү, найрагч даа,,, 2-лаа дахиад таарнаа... ААК
64.85.249.xxx [64.85.249.xxx] 2014-01-08 15:25
сагсан бөмбөгийн алдарт тоглогч Майкл Жордоны хөшөөний дэргэд зурагаа татуулж явав л. Амьддаа хөшөө юугаа босгуулж, домог мэт амьдрал бүтээж яваа тэрбээр энэ хотын унаган хүү ажу. Maйкл Жордан бол Нью Йоркийн Бруклинд төрсөн хүн шүү дээ. Ер нь ямар их алдаатай бичдэг юм бэ зохиолч хүн байж
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-08 10:43
Тэмдэглэл сайн болжээ. Нямаа ахдаа баяр хүргэхийн ялдамд Бишүүгарам бид 2 чинь цэргийн албанд хамт нэг салаанд штабын бичээч нар байлаа даа. Оойрын хэдэн жил холбогдсонгүй хаягийг нь өгөөрэй. Б.Мягмаржав
67.175.54.xxx [67.175.54.xxx] 2014-01-08 00:52
Bi Chicagod amidardag ch ene buudliin dergedyyr olon ongorch baisan.Iim goeo-g ni anzaardaggyi baij.Minii setgel ih hodolj baina.Ene yed bi end baisan l baina.Medsensen bol ochij uulzaj taniltsah mini yalaa..Minii huurai.hoorhon tsarailag egch Handmaa maani ene temtseend oroltsono,bi ch nihorteigoo ochij oroltsono gej yarij baisan..Ter yer egch bidnii hen hen ni zavgyi baij taaraad hen hendee surag duulgaj chadaagyi,yag chuulgan bolj baigaa yer bi medej dendyy oroitloodoo gej haramssan ch daraagiinhad no ichino doo gej taivsharsansan.Yneheer saihan temdeglel boljee Ta daraa chicagod irehdee manaihaar zochilloroi.Nuhor bid 2 tanitai ochij uulzanaa..USA
110.183.201.xxx [110.183.201.xxx] 2014-01-07 16:53
Bishuugaram uneheer yum medeye suraya gesen sain oyutan bsan. shavidaa hamgiin sain saihaniig huseye. Ts..m
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-03 08:40
saihan bichjee. r
218.38.100.xxx [218.38.100.xxx] 2014-01-02 19:57
neeree l borgotsoitoi adik\lhan haragdaj bn ta nar saihan ayalaad irjee

Бидэнтэй нэгдээрэй