Шууд Chart

Монголчуудын үнэт зүйл

2018-06-05 10:36:43

Үнэт зүйл бол нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлж байдаг гол хүчин зүйл юм. Иймд Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургуулиас санаачлан “Монголчуудын үнэт зүйл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан эрдэмтэн судлаачдын цуврал лекцээр “үнэт зүйл” хэмээх ойлголт, монголчуудын үнэт зүйлийн талаар юу өгүүлснийг уншигчдадаа тоймлон хүргэж байна.


МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өнөрбаян: Монгол хэл бол монгол үндэстний дархлаа, үнэт зүйл юм. Тухайн ард түмний (угсаатан) нийтлэг бүрэлдэх нь нарийн түвэгтэй түүхэн үйл явц бөгөөд хэл, соёл, сэтгэлгээний адисал бий болох үйл явц мөн. Хэл, соёлын нэгдлийн үндсэн дээр сэтгэлгээний адилсал бий болдог. Сэтгэлгээний адилсал нь угсаатан оршин тогтох гол үндэс суурь мөн. Энэхүү сэтгэлгээний адилслыг бий болгогч хэл урт наслах хамгийн гол шалтгаан нь хэрэглэгч олонтой байх. Үүний тулд монголоор ярьдаг, монгол соёл, сэтгэлгээтэй хүний тоог өсгөх талаар Монгол Улсын төр, засаг зөв оновчтой бодлого гаргаж хэрэгжүүлэх, монгол хүн бүр удмын сангаа хамгаалан бэхжүүлж, үр хүүхдэдээ заавал монгол хэл, соёл эзэмшүүлэх журамт үүрэгтэй байвал монгол үндэстний дархлаа батжих болно.

ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар: Үнэт зүйл бол эрхэмлэн дээдлэх зүйл. Монгол нутгаас олдсон үлэг гүрвэл, эртний ургамлын олдворууд ба энэ талаарх судалгааны үр дүн бол бидний оюуны үнэт зүйл, хүн төрөлхтний шинжлэх ухааны үнэт зүйл юм. Дэлхийд 400 гаруй үлэг гүрвэл олдсон, тэдгээрийн 80 гаруй хувь нь Монголоос тогтоогдсон. Гэхдээ хичнээн баялаг олдвортой ч судалгаа хөгжөөгүй улс байдаг. Монголчуудын бахархах зүйл бол 2004 оноос хойш өөрийн лабораторид судалгаа хийгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. 1960-аад оноос манай улсын шинжлэх ухааны бодлогоор судалгааны нэгж байгуулсан нь маш зөв болсон. Монгол нутгаас олдсон археологи, палеонтологийн олдворууд бол соёлын өв, үнэт зүйл мөн.

МУБИС-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн судлаач, академич Б.Жадамба: Хувь хүний оршихуйн үнэт зүйл нь хүн ёс, хууль ёс, боловсрол, ёс суртахуун. Монголчуудын оршихуйн үнэт зүйл нь: тэгш байдал, шударга ёс, эрх чөлөө, эв эе, эрдэм, эв дүй, хүн чанар, мэдлэг. Монгол хэлний эрдэм билиг; эрдэм соёл; эрдэм боловсрол, эрдэм мэдлэг; эрдэм ухаан; эрдэм чадвар зэрэг ухагдахуун байна. Эрдэмтэй гэдгийн шалгуур нь эв эе, нэгдэл, ёс суртахуун, журам, горим юм. ЮНЕСКО “соёл бол үнэт зүйлийн тогтолцоо, уламжлал, итгэл үнэмшлийг өөртөө агуулдаг” гэж тодорхойлж байна. Манай улсын соёлын үнэт зүйлс бол гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл гэх мэтийг нэрлэдэг. Ёс суртахууны үнэт зүйл хамгийн чухал юм.

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны Олон улсын сургуулийн багш, академич Ш.Болд: Монгол нутаг дээр 800000 жилийн тэртээгээс хүн амьдарч байсныг тогтоосон. Энэ урт хугацаанд бидний өвөг дээдэс хүний амьдралыг өөрчилсөн ямар нэгэн нээлт хийгээгүй гэвэл худал болно. Тухайлбал, Сүмбэ хамба Ишбалжир умайд хорхой байдгийг 1786 онд нээж өөрийн бүтээлдээ бичиж үлдээжээ. Уламжлалт анагаах ухааны баримт, фактууд анагаахын шинжлэх ухааны чиглэлээр монголчуудын бүтээсэн оюуны үнэт зүйл, өв хөрөнгө мөн. Шинжлэх ухааны хувьсгал хийх оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог. Маш цөөн хэсэг нь шинэ парадигмыг бий болгоно. Шинэ парадигм амжилттай болсон тохиолдолд дэлхийн шинжлэх ухаанд өргөн хүрээтэй өөрчлөлт хийгддэг. Монгол мэргэдийн бүтээсэн мэдлэг бол бидний үнэт зүйл төдийгүй хүн төрөлхтний үнэт зүйл.

Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн Докторын хөтөлбөрийн эрхлэгч, доктор С.Түвшинзаяа: Соёл бол нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс, хэм хэмжээ тогтолцоо юм. 2016 онд “Нийгмийн үнэт зүйл” социологийн судалгаагаар монголчууд хамтач соёлтой, Монгол улсаараа бахархдаг нь тодорхойлогдсон. Бидний амьдралд дүйцсэн болон дүйцэх үнэт зүйл бол хамтач байдал бөгөөд хамтач байлгах соёлын бодлого чухал. Манай монголчууд “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ, Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг байсан бол одоо өөрчлөгдөж байна. Орчин үеийн монголчуудад үнэт зүйлийн өөрчлөлт бий болж ер нь өрсөлдөмтгий шинжтэй болж байна, амьдралын чанарын талаас үзвэл уян хатан байвал илүү зохистой юм. Орчин үед хувь хүн, нийгэмд үнэт зүйлийг төлөвшүүлэхэд сошиал медиаг өргөн ашиглах бололцоотой.

“Эко Ази” Байгаль орчин, менежментийн Дээд сургуулийн захирал доктор, профессор Ц.Адъяасүрэн: Аливаа улс үндэстэн төдийгүй хувь хүн өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Улс төр, шашин гээд нийгмийн институци мөн л өөрсдийн үнэт зүйлтэй. Гагцхүү үнэт зүйлээ хэрхэн эрхэмлэж, дээдэлж байгаагаараа л тэд хоорондоо ялгаатай. Нийгэм болж хамтдаа амьдрахад бидэнд юу хамгийн чухал вэ?, тэр нь үнэт зүйл болж байх ёстой. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хувь хүний эрх, эрх чөлөө, иргэдийн оролцоо,  нийтэд ил тод байх зэрэг юм. Үнэт зүйл бол дан ганц түүх, соёлын өв биш. Шүтээн, бишрэл-итгэл үнэмшил, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай, бүтээлч чанар, өөртөө итгэлтэй байдал зэрэг хувь хүний үнэт зүйлс байна. Үнэт зүйл нь хүний амьдралын турш үзэл бодол, хандлага, шийдвэр гаргалт, ерөнхий зан төлөвт нөлөөлж байдаг. Нэгэн социологийн судалгаанд оролцогчдын олонх нь “бусдын  төлөө  санаа тавихыг хичээдэг” гэж хариулжээ. Энэ бол монгол хүний гайхалтай сайхан чанар. Мөн эрхэм зүйл гэж байна. Монголын түүхээс үзэхэд “газар бол эрхэм зүйл”. Монгол  хүний хамгийн дээд үнэт зүйл нь “Монгол Эх орон”. Монголчуудын үнэт зүйлс нь байгаль орчноор улбаалж бий болох эсвэл байгаль орчны объектууд нь үнэт зүйл болж тодрох, улмаар “хүн–байгалийн харилцаа”-нд эрхэмлэх  үнэт зүйл нь байгаль орчны шинэ бодлого, чиглэл болох гурван хэлбэр байж болох юм. ХХI зууны монголчуудын эрхэмлэх үнэт зүйл бол тогтвортой хөгжлийн боловсрол, байгальтай зөв харилцах чадвар.

Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтын захирал, доктор Д.Сүрэнчимэг: Google-д үнэт зүйл гэж бичээд хайлт хийж үзэхэд 44 секундэд 519000 илэрц  гарч байгаа нь хүмүүс энэ асуудлыг нэлээд бодож, эргэцүүлдгийг харуулж байна. Үндэсний үнэт зүйл бол соёл, түүх, уламжлал юм. Хүн төрөлхтний үнэт зүйл шударга ёс, энх тайван, хүч үл хэрэглэх зэрэг олон зүйл байна. Байгууллагын үнэт зүйл гэдэг бол тухайн байгууллагын зорилгодоо хүрэхээр хамтаараа хүлээн зөвшөөрч тэдний итгэл үнэмшил болсон зүйлс байна. Цаг үеэ дагаад үнэт зүйлс өөрчлөгдөнө.

Нийтэлсэн: М.Золзаяа

Монголчуудын үнэт зүйл   
Үзсэн: 28349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
niiger [127.0.0.xxx] 2024-02-16 14:18
bobo is god uchix porno uzej bn
Заяа [202.21.125.xxx] 2018-06-11 11:59
Үнэт зүйлийн тухай маш товч тодорхой хэлжээ
Зочин [66.181.178.xxx] 2018-06-05 11:19
МОНГОЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС бол үр хүүхдүүд. Тэд нарыгаа монгол хүн болгох..

Бидэнтэй нэгдээрэй